26.05.12

Баянтал сумын малчид нь газар нутгаа хамгаалахын төлөө Хятад иргэдтэй мөргөлдсөн байна.

‎5.18 нд. Өвөр Монголын Улаанхад  хотын Онниуд хошууны (Онниуд хошуу)
Баянтал сумын малчид нь газар нутгаа хамгаалахын төлөө  Хятад иргэдтэй мөргөлдсөн байна. Орон нутгийн хятад цагдаа  нар ирээд Монголчуудыг зодож бэртээж баривчилж авч явсан байна. Газар нутгаа хамгаалах гээд Хятад иргэдтэй зодолдож байгаа зураг

12.05.12

Швед дэх Монголчууд Хятадын улс төрийн хорт бодлогыг эсэргүүцэв!

 Уриалга ! Өвөр Монголчуудаа!
Хөх толбот эзэн Чингис хааны удам, хийморилог Монголчууд минь ээ!Мөнх тэнгэрээс бидэнд заяасан Монгол нутгийнхаа төлөө,   халуун амиа хайрлахгүй тэмцэж явсан агуу дээдсийн түүх балраагүй байна.
Та бидний амьдарч байгаа энэ цаг үе бол өвөр Монголын ОРШИХ, ЭС ОРШИХИЙГ шийдэх нэгэн чухал цаг мөч билээ.

09.05.12

Эсэргүүцлийн жагсаал

Хятадын төрөөс өмнөд Монголд явуулж байгаа улс төрийн хорт бодлого, хүний эрхийн дарангуйлалыг Монголчууд бид эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байна!
Элэг нэгт өмнөд Монголчуудыгаа тусгаар Монгол улсын иргэд бид дэмжих цаг нь болжээ! Эсэргүүцлийн жагсаал:
5-р сарын 10-ний пүрэв гаригийн 12 цагт Тусгаар тогтнолын талбайд болно.
Өнөөдрийн өмнөд Монголын эмгэнэлт түүх маргааш Монгол улсад тохиолдож болохгүй!
Цааш нь дамжуулна уу!

02.05.12

Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын учир

1911 онд Манж улс мөхөж, нийт Монголчуудын эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээх гэсэн оролдлого гарахад монгол нь том улс болчихоос Хятад, Орос хоёр айж, цэрэг дайн болон эд зүйлийн хавчлага шахалтын бодлого явуулснаас гагц Халх Монгол улсын хэмжээнд Богд хаант Монгол улс [Олноо Өргөгдсөн Монгол Улс] оршин тогтнох болжээ.

03.03.12

Хятадуудыг айлгасан Монгол эмэгтэй


Тиймээ. Энд миний өгүүлэх гэж байгаа эмэгтэйгээс Хятадын төр засаг, тусгай албад, цагдаа сүнсээ зайлталаа айдаг. Учир нь энэ Монгол эмэгтэй өдий 58 нас хүртлээ боломж л гарвал Хятадын колончлолыг эсэргүүцэж дугуйлан хөдөлгөөн үүсгэж өвөр Монголчуудынхаа төлөө үгээ хэлж, уран бүтээл хийж тэмцэж явжээ.

09.01.12

Гишгэх газаргүй Өвөр Монголчууд

Өвөр Монголын Ардын Намаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлийн дэргэдэх (UN Humen Rights Council)
 
Universal Periodic Review (UPR)-д илтгэсэн  Өвөр Монголын хүний эрхийн мэдээлэл (сүүлийн 3 жил )
Сүүлийн 61 жилийн турш ХКН, Хятадын колончлогчид Өвөр Монголчуудын эсрэг аймаглан устгах , хүчээр хятадчилах бурангуй төрийн бодлого явуулж ирснийг хүн төрөлхтөн сайн мэднэ.
Ялангуяа сүүлийн 3 жилд Бээжингийн эрх баригчид Өвөр Монголчуудын эсрэг төрийн зохион байгуулалтай, өргөн цар хүрээтэй, харгис бодлого явуулж, Өвөр Монголчуудыг бие даасан үндэсний хувьд бүрмөсөн мөхөөж, хэл соёлыг нь бүр мөсөн устгахад чиглэсэн жигшүүрт үйл ажиллагаагаа эрээ цээргүй улам эрчимтэй явуулж байна.

01.01.12

Үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100-н жилийн баярын мэнд хүргэе!(Өвөр Монголчуудаас)

Элэг нэгт эрхэм хүндэт Монгол ахан дүүстээ үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаны 100 н жилийн ойн баярын мэндийг нийт өвөр Монгол ах дүүсийн өмнөөс хүргэж байна.

Бидний Монголчууд!
Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор Хүн бол ертөнцийн салшгүй нэгэн эд, эс гэдгээ ухамсарлан ойлгож байгалийн хуулинд захирагдаж явах нь туйлын ҮНЭН хэмээx хосгүй их оюун санаа, үзлийг бий болгосон, аугаа их түүхтэй ард түмэн билээ.

Энэ утгаараа, даян дэлхийн бүхий л ард түмнийг энэхүү шударга, үнэн үзэл санаанд захирагдахыг тулган шаардаж удаа дараа байлдан дагуулж байсан юм.
Тийм ч учраас хорвоо дэлхий Монголгүйгээр оршин тогтнох арга үгүй юм.

16.12.11

Монголд амьдаръя гэснийх нь төлөө тархинд нь зуугийн хадаас зоожээ

Дамнуургаар зөөн Хятадад тушаажээ
1. 150 мянган монголчуудыг хядсан галзуучуудаас 1891 онд өвөр монголчууд Халхыг халхалсан
Өмнөд монгол ахан дүүсээ өмгөөлөхөөр цугласан үзэл санаа, сэтгэл зүтгэл нэгтнүүд ээ!
Хүний эрхийн энэ өдөр, 1989 онд монголчууд ардчилсан хөдөлгөөний анхны цуглаанаа хийж байсан. Тэр л цуглаанаас олон үнэ цэнэт зүйлс маань эхтэй. Тэгвэл 2011 оны хүний эрхийн энэ өдөр бид өмнөд монголчуудынхаа төлөө цуглаан хийж байна. Энэ цуглаанаас маань сайн сайхан үр дагавар гарах болтугай!<!--more-->
Өмнөд Монгол гэж юусан билээ, Өвөр Монгол гэдэггүй билүү гэж зарим хүн асуудаг. 100 жилийн өмнө бусад монголчуудтайгаа хамт Нэгдсэн, Нэгэн Монгол улсаа байгуулалцаж байсан Өвөр Монгол, Барга Монгол, Торгууд Монгол, Дээд Монгол бүгд нийлээд Өмнөд Монгол бүрдэх бүлгээ. 1947 онд том гүрнүүдийн хуйвалдаанаар ӨМӨЗО байгуулагдах хүртэл Монгол улсад нэгдэх хүслээ илэрхийлж, нэгдэхийн төлөө тэмцэж ирсэн нь Өмнөд Монгол оо. Түүнээс хойш өдийг хүртэл эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, харийн дарлалыг сөрж, мөнхүү Монгол улстай нэгдэх хүсэлтэй хэвээр ирсэн нь Өмнөд Монгол оо.
БНХАУ-ын өнөөгийн хилийн цаана оршин сууж буй зургаан сая гаруй бүх монголчуудыг Өмнөд Монгол гэж нэрлэх болжээ. Бид бүхэн ч Өмнөд Монголын аймшиг гамшиг арилаасай хэмээн хуран цуглаж буй билээ.
Өмнөд монголчууд маань “Бид Монгол улсаа, Монгол үндэстний тусгаар тогтнолын ариун голомтоо хамгаалах мах ясан хэрэм болно” гэж ярьдаг. Хэрэм байсаар ч ирлээ. 1891 оны жишээг санахад л хангалттай. “Хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэсэн уриатай, улаан малгайтны урвалгаанчид буюу жинданьдао гэх хэрцгий үймээнчид, хятадын харгисууд Харчин нутагт уулгалан орж ирж, 40 гаруй хоногийн турш 15 түмэн монголчуудыг алж хядаж бүр олон түмэн монголчуудыг хөөж дүрвүүлж байсан юм. 1902 оны Шинэ засгийн бодлогын дагуу хятад тариачид үерийн ус шиг сад тавин орж ирэхдээ Өмнөд Монголд шингэж байв. Олон олон аюумшигтай үйл явдлуудаас, Өмнөд Монгол гэх бамбайн ачаар Ар Монгол аврагдаж, халхлагдаж байсаан. Өмнөд Монголд хужаа байна, хужаагийн нөлөө байна гэж эмзэглэхийн оронд яагаад тийм болсны учрыг ухварлаж, өдгөө өмнөд монголчуудын хувьд халх хамгаалалт болох ёстойгоо ойлгох цаг иржээ.

2. Дөрөвхөн жилд 346 мянган өвөр монгол хүнийг алж, 500 мянгыг эрэмдэг болгожээ
Маочууд: “тэгш эрхтэй холбооны улс байгуулна, хэрэв та бүхний санаанд нийцэхгүй бол холбооны улсаас гарч хувь заяагаа өөрсдийн дураар шийдвэрлэж болно” гэж мэхлэх, хүчээр түрэмгийлэх, эх орончдыг алж хядах зэрэг жигшүүрт аргуудыг хэрэглэсээр 1947.5.1-нд ӨМӨЗО-ыг байгуулснаар өмнөд монголчуудын хувьд хамгийн сүйрэл мөхөлт цаг үе нь эхэлсэн билээ.
Олон харгислалын оргил нь Соёлын хувьсгалын үе юм. Өвөр Монголд 30 түмэн хүн тамлагдаж, найман түмэн хүн тахир дутуу болж, 10 түмэн хүн алагдсан гэдэг. 1966-1976 онд 16222 хүн алагдаж, 87188 хүн эрэмдэг болсон гэсэн, засгийн албан ёсны статистик бий. Тэгвэл, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн, 1967-1971 онд 346 мянган хүн алагдаж, 500 мянган хүн эрэмдэг болсон гэсэн тооцоо бий. Тухайн үед өвөр монголчууд 1.3-1.4 сая байсан гээд бод. Харин тэр үед 400 хятад хүний нэг нь алагдсан байна. Яагаад өвөр монголчууд хятадуудаас хэдэн арав, бүр 100 дахин ихээр хэлмэгдсэн гэсэн тоо баримтууд байна вэ. “Өвөр Монголын Ардын Намыг малтаж арилгах хөдөлгөөн” гэх тодорхой үндэстний эсрэг хөдөлгөөн өрнөснөөс болж, энэ аймшигт гэноцид үүджээ.
Гэвч өмнөд монголчуудын зориг мохолгүй тэмцлээ үргэлжлүүлсээр байв. Үй олон хятадуудыг ирүүлэн суурьшуулж, колоничлолыг шинэ шатанд гаргах нууц шийдвэрийг эсэргүүцэн, 1981.9.10-нд өргөн эсэргүүцэл өрнөж, жагсаал цуглаан, хичээл хаялтад олон мянган монгол хүн хамрагдаж, Бээжин рүү төлөөлөгчдөө илгээж байжээ. Олон эсэргүүцэгчийг олон жилээр хорьж тамлаж зовоон, бүр үхүүлж байсан юм. “Сурагчдын хөдөлгөөн” гэх тэр эсэргүүцлийн ажиллагаанаас Тэмцэлт, Хадаа, Хуучинхүү, Энхбат, Наранбилиг, Соёлт (Монголын иргэн болсон), Насанбат, Оюунбилиг зэрэг нэрт тэмцэгчид төрж төлөвшжээ.
1947 оноос хойшхи аймшигт колоничлолын үр дүнд Чингис хаанаа ч мэддэггүй, одоо хүртэл Маод мөргөдөг монгол хүмүүс ч буй болсон аж. Өнөөгийн Өвөр Монголын хүн амын 10-17% нь хятадууд юм. Амьдрахын эрхэнд зарим хүн монгол үндсээсээ татгалзаж байхад, төрийн дэмжлэгтэйгээр хятадууд "монгол" гэгдэн бичиг баримтжиж, тэнд ч, энд ч өмнөд монголчуудын орон зайг эзэлсээр байна. Монгол хэлээрхи сургалтад монгол хүүхдүүдийн 30 хувь нь л хамрагдаж болох боломжтой. Дөрөө шүргэх өвс ногоо халиурсан Өвөр Монголын тал нутаг элсжиж, нутаг дэвсгэрийнх нь 60 хувийг цөл эзлэх боллоо.
1986 онд өмнөд монголчуудын нүүдэллэх эрхийг хасч, хашаалсан газарт малтай нь хамт 30 жилийн хугацаатайгаар хорив. Үүнийг эсэргүүцсэн Юншээбү Бүрэн гэдэг том албан тушаалтныг хорлож алж байжээ. Хашаалаагүй газрыг, хужаа нарыг суурьшуулах, зэрлэг уул-уурхайг гааруулах, хортой, аюултай үйлдвэрлэлийг шилжүүлэх зэргээр, туйлын хөнөөлтэйгээр ашиглах болжээ.
Сүүлийн үед, “мал олширсноос байгаль орчин сүйдэв, хөгжил дэвшил саарав” гэхчлэн худал аян шалтгаар, уламжлалт МАА-г устгах үйл ажиллагаа явуулж буй. Малчин монголчуудын хашаалсан газрыг захиргаадах, мэхлэх зэрэг аргаар булааж, хот суурин руу хүчээр нүүлгэх болсон. Тэд хятад олонхитой хот сууринд хамгийн муу ажлыг хамгийн бага хөлсөөр хийж боолчлогдон амь зогоох буюу, гуйланчлал, архидалт, гэмт хэрэг рүү өөрийн эрхгүй орж сөнөж, мөхөж байна. Сайн дураар нүүж ирэгч гэгдсэн шинэ жинданьдаогийн хужаа нар ямар ч үндэслэлгүйгээр малчдын нутгийг шууд хүчээр булааж, цуст мөргөлдөөн үүсгэж, газрын эздийн амь насыг ч хохироох болсон. Ийнхүү өмнөд монголчууд гишгэх газаргүй болж, зовж тарчилж буйн жишээ дуусашгүй.
Энэ бүхнийг эсэргүүцэн тэмцсэн Хадаа, Хуучинхүү нарыг бид мэднэ. Олон олон “Хадаа”, “Хуучинхүү” байна. 2007-2010 онд л гэхэд хэдэн арван өмнөд монгол тэмцэгчийг барьж, олон жилээр хорих болсон байна. Хятад тэмцэгчид бага ял авч, хатуу биш нөхцөлд хоригдож байхад өвөр монголчууд олон жилээр, маш хүнд нөхцөлд хоригдон тамлагдаж байна.
1996 онд Өвөр Монголын Ардчилсан Холбоог байгуулж, анхны цуглаанаа хийсэн Хадаад 15 жил оноон, хөдөлмөрийн чадваргүй хүнд өвчтөн болтол нь зодож тамлачихаад, 2011 онд суллалаа гэсэн ч, нууцаар хорьсоор байна. Бие муутай, 60 орчим настай эмэгтэй Хуучинхүүг хулгайлан, шүүх, ялгүйгээр хорьж, хэрцгийгээр зодож жанчин зовоож байна. Сүүлийн үед хулгайлах, сураггүй алга болгох аргад колоничлогчид ихэд амтшиж байгаа ажээ. 2011 оны зуны эсэргүүцлийн хөдөлгөөний дараа олон хүн сураггүй болов.

3. Монгол улсад өмнөд монгол хүн байх нь гэмт хэрэг
Монгол улсын маань төрийн нэг уламжлал нь өмнөд монголчуудтай тэмцэх явдал болсон нь юутай харуусалтай. 1911 онд Монгол улсыг байгуулалцсан өмнөд монгол зүтгэлтнүүд олноор алагдав, буцаагдав, заримыг нь байлдаж дарав. Өмнөд монголчуудыг большевик хэлмэгдүүлэлтээр харгислав. Дэмчигдонров ванг АНУ руу гарах боломжтой байхад нь хуурч ирүүлээд Маод барьж өгөв, БНМАУ-тай хамтран ажиллаж байсан 2200 шилдэг өмнөд монголчуудын матэриалыг Бээжинд тушаав, олон өмнөд монгол хүнийг Хятад руу хөөв, бүгд хэлмэгдэж, дийлэнх нь алагдав.
Харийн дарлал дор байсан тул чингэсэн гэж тайлбарладаг. Тэгвэл, дагуул орон байхаа больж, эрх чөлөөгөө олсон гэх цаг үед, НҮБ-д өвөр монголчуудын асуудлыг таниулах зорилгоор оргож ирсэн Баатар, Улаангэрэл нарыг хятадуудад тушааж, юу ч өөрчлөгдөөгүйг харуулж эхлэв.
АНУ-ын Наранбат, Алтан-Өлзий, Тайваний Хагаанчулуун зэрэг эрдэмтэн Монголын иргэн болох хүсэлт тавихад татгалзав. Тайваний өмнөд монгол зургаан чинээлэг гэр бүл ирэхийг хүсэхэд мөн адил. Эрдэмтэн Наранбат 300 мянган долларын лабориторитойгоо ирж, төрөөс цалин авалгүй ажиллана гэхэд татгалзаж байсан юм. Өмнөд монгол хүн томоохон хөрөнгө оруулалттай ирнэ гэхэд ч татгалздаг нь энгийн үзэгдэл.
1990 оноос хойш 1000 орчим өмнөд монгол хүн Монголд амьдрах, Монголын иргэн болох зорилгоор орж ирсэн бол, одоо 100 орчим нь л үлдсэн бөгөөд тэдний олонхи нь зохих статусгүй, ирээдүй нь эрсдэлтэй байна. Энэ талаар “Өмнөд монголчуудынхаа өр лүү өшиглөсөн он жилүүд” гэсэн судалгааны ном ч гарах гэж буй.
Шинжаанаас мянган мянган өрх нүүж ирж Монголд суурьших хүсэлтэй байсны түрүүч болох 14 гэр бүл орж ирэхэд, зовоож шаналгасаар 10-ыг нь буцааж, дөрвийг нь ОХУ-д өгчээ. Дээд Монголын эрдэмтэн Д.Мөнхбаатар Дээд Монголын Ажиа гэгээнд мөргөснийхөө төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулав гэж буруудаж, албадан гаргагдсан. Тэр Монгол улсын иргэн эхнэртэй, хоёр хүүхэдтэй байжээ. Бизнэсмэн Алтансанг хуурамч хэрэгт холбогдуулан хавчиж, буруугүйгээ нотолж заргалдан ялахад нь улс төрийн үйл ажиллагаа явуулав гээд хорьж байхдаа, хүнд хэрэгтнүүдээр тамлуулж, тархинд нь том хадаас зоолгож, улмаар албадан гаргасан агаад, Хятадад очсоноос хойш сураггүй болжээ. Монголын сонинд ажиллаж байсан сэтгүүлч М.Бадамыг мөн дээрх шалтгаанаар гаргаж байв. Монгол улсын иргэн болсон Ж.Соёлтыг Бээжинд хулгайлах ажлыг хятадуудтай хуйвалдан зохион байгуулчихаад нуун дарагдуулж байв. Өмнөд монгол хүнийг хулгайлж гаргах нь ховор тохиолдол биш гэдгийг хэлэх хэрэгтэй.
Буцахад хүргэх, буцааж тушаахаас гадна, Монголоос гуравдагч орон руу дүрвэхэд хүргэдэг нь түгээмэл. Монгол улсад өмнөд монгол хүн байх нь гэмт хэрэг шахуу байдаг. С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэх өргөн хэлмэгдүүлэлтийг өмнөд монголчуудын эсрэг үйл ажиллагаанд ашигласан. Д.Ялалтыг С.Зоригийн хэргийг хүлээлгэх гэж халаалтын ширэм мөргүүлэн зодох зэргээр тамлаж, хүнд өвчтэй болгосон бөгөөд, гадаадын хүний эрхийнхэн шаардаж байж түүнийг улс төрийн алуурчдын гараас салгаж авч байсан. Монголоос дүрвэсэн өмнөд монголчууд учир битүүлгээр алагдсан тохиолдлууд бий. Д.Мөрөн, Э.Эрдэнэбаяр нар Швэд, Казахстанд алагдсан жишээг л аваад үз. Ийм хэрэгт Монгол улсынхныг ч хардах явдал байдаг байна. 2011.5.30-ны, Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө болсон цуглааны дараа 10 гаруй өмнөд монгол хүн дүрвэсэн.
Өмнөд монголчуудыг намнах ажил дуусаагүй, улам эрчимжиж байгаа агаад, ялтан солилцох гэрээний дагуу Хятадад олноор нь тушаах магадлал буй боллоо.

4. Монгол улс өмнөд монгол хүнийг ялгаварлан гадуурхдаг апартэид улс болжээ
“Монгол улсын нутаг дэвсгэрт өмнөд монгол хүн нэвтрэхийг хориглох тухай” хууль гарчихсан юм шиг л нөхцөл байдал оршиж ирлээ. Цалингийн доод хэмжээнээс 10 дахин өндөр цалинтай ажил төдөн жил хийнэ гэсэн баталгаа авчирч, улмаар түүнийгээ биелүүлж, татвараа байнга төлж байх бол 1-2 жил суухыг зөвшөөрч, цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг авч үзнэ гэдэг аж. Монгол яс үндсийнхээ төлөө ялгаварлан гадуурхагдаж, аргаа бараад ирсэн хүн дээрх өндөр болзлуудыг яаж хангах билээ. Хоёр тэрбум төгрөгтэй байх, дор хаяж 5000 долларын хахууль өгөх зэрэг нь ч мэдээж боломжгүй.
Хятад улсын янз бүрийн тодорхойлолт авчрах, Хятадын иргэнчлэлээс гарахыг ч шаардана. Монгол улсад ирж байгаа өмнөд монголчуудын олонх нь үнэндээ улс төрийн орогногч бөгөөд, арайхийн зугтаж ирсэн тэд хэрхэн Хятад улсад эргэж хандах билээ дээ.
Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон (манайд буй өмнөд монголчуудын дотор тэд нэлээд хувийг эзэлдэг), Монгол улсад төрсөн өмнөд монголчуудад арай нааштай хандана гэдэг ч амьдрал дээр тэр нь биеллээ олдоггүй. Монгол улсын иргэнтэй гэр бүл болоод олон жил болсон ч зохих эрхээ авч чаддаггүй, эсвэл хөөгддөг тохиолдол цөөнгүй.
Өмнөд монгол хүний оршин суух эрх асар хэврэг. Ам л ангайвал улс төрийн үйл ажиллагаа явууллаа гээд хүчингүй болгоно. Авгайгаасаа салчихвал, хүчингүй болгож хөөнө, үр хүүхэдтэй нь ч хөөнө. Гэр бүлээрээ ирснийг салгаж ч хөөнө, гэр бүлээр нь ч хөөнө, тухайн түшмэдийн л үзэмжийн хэрэг. Өмнөд монгол хүнийг ад шоо үзэх апартэид бодлого байгаа учир, тэд яасан ч гэсэн хууль дүрэм зөрчигч мэт болчихдог. Тиймээс тэднийг хэзээ ч, яаж ч албадан гаргаж болно.
Мөн тэдний олонхийг өмнөд хөрш сэпаратизм, экстрэмизм, тэрроризм буюу “гурван хор”-той холбоотой гэмт этгээдүүд, социалист эх орноосоо, нам засгаасаа зугтсан урвагчид гэж үзэх гээд байдаг. Ялтан солилцох гэрээгээр БНХАУ Монголоос өмнөд монголчуудыг л авах сонирхолтой байгаа, түүнийгээ зохиомол эрүүгийн хэрэгт холбогдуулан далдлах магадлалтай хэмээн хүний эрхийнхэн түгшүүрийн харанга дэлдэж буй билээ. Ерөөсөө, гадаадынхны асуудлыг цэгцэлнэ гэхэд л юун түрүүн өмнөд монголчууд руу л халдлага дайралт хийдэг шүү дээ.
Тэгвэл, "Монгол улсаас зүй бусаар хөөгдөн хэлмэгдэгсдийн үр хойчис, Монголд садан төрөл нь байгаа, Монголд өндөр орлоготойгоор ажиллах гэж байна, хөрөнгө оруулах гэж байна, гэр бүлтэй болох гэж байна" гээд бүх л байж болох шалтгаанаар хятад хүмүүст хүссэн статусыг хүссэн цагт нь, өдөрт нь ч олгодог ажээ. "Өвөр монгол хүн" гэж хүртэл тэднийг оршин суулгана. Өмнөд монголчуудын эрх зөрчигдлөө гэхэд “Юу ярина вэ? Бид зөндөө өвөр монголчуудад эрх олгосон шүү дээ. Харин ч бүр мөнгөтэй төгрөгтэй, хамгийн шилдгүүдийг нь оруулсан” гэж хариулцгаах болно.
Жилд БНХАУ-аас 30 цагаач авна гэсэн нормтой. Жилд 30 өмнөд монгол хүн Монголын цагаач болж байгаа юу? Жилд нэг өмнөд монгол хүн цагаач болов гэсэн ч гайхамшиг мэт сонсогдохуйц бодот байдал байгаа.
Ийм байх ёстой юм уу? Үгүй ээ. Хөрш Казахстан, ОХУ бүх уугуул үндэстнээ урьж залж байна. Монголчуудын эсрэг улс болох манайд л тийм бодлого байхгүй. Монгол улсын төрд монгол үндэстэн гэдэг ойлголт байхгүй. Ерөнхийлөгчийн ТГ-ын нэг ажилтан надад “Монгол улс үндэстэн гэж ойлголт байдаггүй шүү дээ. Монгол улс гэдэг л ойлголт бий” гэж хэлж байсан юм!
Хэрэв тийм ойлголт байдаггүй бол, ядаж хүн гэдэг ойлголттой байж, хүн төрөлхтний нийтлэг жишгийг дагаач ээ гэмээр байна. Хилийн чанадын монгол туургатныг л нэвтрүүлэхгүйн тулд Дүрвэгчийн конвэнцид нэгдээгүй (хятад, хойд солонгос дүрвэгчдийг бол чөлөөтэй нэвтрүүлж, сум ч байгуулж өгч байгаа) болохоос бус, олон улсын бүх гэрээ, пакт, конвэнци, тунхагт нэгдчихсэнийгээ санаач ээ, эрх баригчид аа. Ардчилсан улс хавчигдаж хяхагдаж байгаа хүнд өмгөөлөл хамгаалал олгодог юм, чадахгүй бол гуравдагч оронд гарахад нь тусалдаг юм. Хилээр зааглагдсан ах дүүс, төрөл садныг учруулдаг юм (тийнхүү зааглагдсан хүмүүс маш олон бий)…
“Монгол улс та нарыг хүлээж авах ямар ч шалтгаан байхгүй. Хятадад эрх чөлөө, хөгжил дэвшил байна, амьдрал сайн байна, ах дүү, нутаг ус чинь байна, бүх юм байна” гэж өмнөд монголчуудад хэлдэг аж. Тэгэхлээр хүн гэх ойлголт ч манай төрд байхгүй байж болно.

5. Монголын төр БНХАУ-тай нийлж, өмнөд монголчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрөх ёстой
Энэ бүхнийг эцэс болгохын тулд бид тууштай тэмцэж, Хятад, Монголын төрд болон, дэлхий дахинд үгээ хүргэх ёстой.
Хятадын төр:
-өмнөд монголчуудын хүний эрх, үндэсний эрх, амьд явах эрхийг хөсөрдүүлэх;
-баялгийг цөлмөж, бэлчээрийг сүйтгэж, нутгийг албан ёсны болон албан ёсны бус шилжин суурьшигч колонистуудаар дүүргэн эзлүүлэх, эздийг нь хятад олонхитой хот суурин руу нүүлгэн боолчилж, амьдрах аргагүй болгох;
-шударга тэмцлийг нухчин дарж, оролцогсдыг хэлмэгдүүлэн хорьж, эрүүдэн тамлах, сураггүй болгон хулгайлах, хороох зэргийг таслан зогсоох;
-гэноцидийг хүлээн зөвшөөрч, хууль-эрх зүйн үндэстэйгээр буруутгаж, үр дагаврыг арилгах үйл ажиллагааг зохион байгуулж, хохирлыг тал бүрээр барагдуулж, холбогдох мэдээллийг ил тод болгож, хэлмэгдэгчдийг цагаатган, дурсгалыг нь мөнхжүүлэн хүндэтгэх шаардлагатай юм.
Монголын төр:
-өмнөд монголчуудыг ялгаварлан гадуурхах, тэдний эсрэг үйл ажиллагаа, суртал ухуулга явуулж төрөл бүрээр дайсагнахаа зогсоож;
-Монгол улсад удаан хугацаагаар оршин суугч, ажиллах хүч, дүрвэгч, цагаач, иргэн болох явдлыг нь гадаадын өөр үндэстэн иргэдээс ялгавартай болгон бүхий боломжоор хангах;
-сонгодог рэпатриацаар буюу, Монгол улсаас Өмнөд Монгол, хятад мужуудад очигсод, хойчсыг нь урьж ирүүлэх;
-уугуулшуулал буюу өргөтгөсөн рэпатриацаар урьж ирүүлэх;
-шударга ёс, монгол үндэстний эрх ашгийн төлөө тэмцэгч өмнөд монголчуудыг Монгол улсын иргэн болгох, улс төрийн орогнол олгох, гуравдагч улсад дүрвэж цагаачлахад нь туслах зэргээр хамгаалах;
-БНХАУ-ын төртэй хамтран өмнөд монголчуудын эсрэг үйлдсэн апартэид гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, хууль-эрх зүйн үндэстэйгээр буруутгаж, үр дагаврыг арилгах үйл ажиллагааг зохион байгуулах, хохирлыг тал бүрээр барагдуулах, холбогдох мэдээллийг ил тод болгох шаардлагатай юм.
Дэлхийн шударга улс түмэн, байгууллагууд, зүтгэлтнүүд:
-Өмнөд монголчуудын түмэн зовлон зүдгүүрийг судалж мэдэн, арилгах нимгэлэхийн төлөө тэмцэх шаардлагатай байна.
Энэ бүх яриа зөвхөн өмнөд монголчуудтай холбоотой бус юм. Далайц, төвшин нь одоохондоо өөр байгаа болохоос биш, Ар Өвөр Монголд адилхан үйл явц явагдаж байна. Бид үүнийг ойлгож тэмцэхгүй бол, маргааш Монгол улс яг л Өмнөд Монгол шиг болно шүү! Хоёрдахи Өмнөд Монгол болохгүйн төлөө өмнөд монголчуудыг өмгөөлөн тэмцье! Хамаг монгол зон зовлон зүдгүүр, сөнөл мөхөлгүй болж, нэгдэж нийлэн, нэгэн өрх бүлээрээ цэнгэлийн манлайд хүрэхийн төлөө өмнөд монголчуудыг өмгөөлөн тэмцье!
Уухай! Уухай! Уухай!

Ч.Мөнхбаяр
ММХI.XII.VIII
http: //moenhbayar.blogspot.com

P.S: Энэ нийтлэлийг “Өмнөд монголчуудын төлөө хамтдаа!” цуглаанд зориулж бичсэн ч, хэмжээ нь том болсон тул, цуглааны үеэр агуулгыг нь товчлон ярьсан билээ.

15.12.11

25.11.11

Өвөрмонголын зохиолч Б.Лигдэний 26 жил дарагдсан өгүүлэл

Монголын сүүлчийн хааны нэртэй энэ хүн Өвөр Монголчуудыг “Хүнэн шугуйд төөрөөгүй Монгол” гэж ярьдаг ажээ. 1943 онд малчин ардын гэрт төрж 1964 онд Өвөр Монголын Их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимд шалгаран орж суралцсан боловч соёлын хувьсгалын үеэр сургууль нь тасарчээ.

24.11.11

Э.Хувьсгалт: Өвөр монголчууд бид өнө эртнээс Ар Монголтойгоо нийлнэ нэгдэнэ гэсэн чин хүслэнтэй байж ирсэн.

Э.Хувьсгалт: Өвөр монголчууд бид өнө эртнээс Ар Монголтойгоо нийлнэ нэгдэнэ гэсэн чин хүслэнтэй байж ирсэн
Өвөр монголын ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Хувьсгалтын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншигч танд хүргэж байна. -Та ямар зорилгоор ирэв. Эрдэмтэн хүнийхээ хувьд Монгол судлаачдын хуралд оролцож байна уу?
-Монгол улсад өвөр монголчуудыг дэмжих байдал эрс нэмэгдэж буй тул, үүнтэй холбоотойгоор ирлээ. Ар өвөр монголчууд уг дэмжлэгийн талаар уулзалт зохион байгуулж байгаа. Түүнд оролцох, ар монголчууддаа талархлаа илэрхийлэх, үзэл санаа нэгтнүүдтэйгээ холбоо тогтоох, цаашдын ажил үйлсээ хэлэлцэн төлөвлөх нь гол зорилго маань юм даа.-Өвөр Монголд өрнөж буй үйл явдлуудын нөлөөгөөр ар монголчууд өөр хандлагатай болж буй нь үнэн. Өдгөө Өвөр Монголын нөхцөл байдал ямар байна вэ?
-Тэнд хүн ард амь бие хайргүй тэмцсэнийхээ хүчээр арай илүү ардчилсан уур амьсгалыг бүрдүүлж байна. Бэлчээр, экологийн холбогдолтой шаардлага тавьж байсан бол, хүрээгээ өргөжүүлж үндэсний эрхийн холбогдолтой шаардлага тавин тэмцдэг боллоо. Тунляо хот гэж нэрлэгдэх болсон Жирэм аймгийн 400 гаруй сурагчид монгол хэлээр суралцах, ажиллах арга боломжийг шаардан жагссан жишээ байна.
Би Хятадын ардчилсан үзэлтнүүдтэй уулзахдаа, та нарын хийж чадаагүйг өвөр монгол малчид, хүүхдүүд хийж, тэнд ардчиллыг хэрэгжүүлж эхлээд байна гэхэд тэд хүлээн зөвшөөрч байсан. Өвөр монголчууд асуудал бэрхшээлээ шийдвэрлүүлэхийн тулд ардчилсан тэмцэл өрнүүлдэг, коммунист дарга нар буулт хийдэг болж байна. Эрх баригчдын зүгээс малчин Мэргэнийг хөнөөсөн алуурчдад цааз оноосон, малчдын байдлыг сайжруулах олон амлалт өгсөн зэрэг тэмцлийн эерэг үр дүн гарсан.

-ӨМАН хэзээ байгуулагдаж, ямар үйл ажиллагаа явуулав?
-1981 оны өвөр монголчуудын эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр л лав үйл ажиллагаа нууцаар өрнүүлж байсан юм билээ. Би өөрөө 1986 онд Хөххотод оюутан байхдаа нууцаар элсэгдэж байсан. Анхнаасаа л Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэх, Ар Өвөр 2 Монголыг нэгтгэхийн төлөө тэмцэх гэсэн эрхэм зорилготой нам байсан.
1996 онд АНУ-д, Өвөрмонголын Ардын Намыг хилийн чанадад зохион байгуулж байгаагаа тунхаглан зарлаж, илээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Манай нам Өвөр Монголын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан шүү дээ.
Сүүлийн үед бид тэмцлийн тактикаа өөрчилж байгаа. Ерөнхий асуудал ярихаас илүүтэйгээр, нарийвчлан тодорхой зүйлд анхаарал хандуулбал үр дүн нь их байх тохиолдол гарах юм. Жишээ нь, Өвөр Монголын эрх чөлөө гэж ярихаас илүү, өвөр монгол малчдын бэлчээр нутаг гэж яривал үр дүн нь арвин байдаг юм байна шүү дээ. Энэ мэтчилэн, ерөнхийгөөс тодорхой руу нэлээд шилжиж ажиллая гэж байгаа. Ар Монгол дахь дэмжигчидтэй өргөн холбоотой хамтран ажиллая гэж байгаа маань шинэ тактикийн маань нэг хэсэг шүү дээ.

-Хятад улс ардчилагдвал ӨвөрМонголын тусгаар тогтнох асуудалд боломж гарч ирнэ гэсэн хүлээлт байдаг. Энэ талаар?
-Мао нар угаасаа БНХАУ-ыг холбооны улсын зарчмаар байгуулна гэж хуурч мэхэлж байж, нэлээд тусгаар байдалтай, БНМАУ-д нэгдэнэ гэсэн чигтэй байсан Өвөр Монголыг Сталинтай хавсайдаж байж харъяандаа оруулсан. Тэр яригдсан холбооны улсыг байгуулах асуудал бол, Хятад ардчилагдвал, үндэсний хурцадмал байдлыг шийдвэрлэх гарц болон гарч ирнэ. Эрх тэгш холбооны улсуудын фэдэрациас гишүүн улс гарах эрхтэй байдаг. Ийм холбооны улс байгуулах нь зүйтэй гэдэг хан үндэстэн ардчилсан үзэлтнүүд ч бий. Тэгэхлээр Хятадын ардчилал тусгаар тогтнолын боломжид эерэг нөлөө үзүүлнэ л дээ.

-Хятад задарвал Монгол улсад үй олон хужаа орж ирэх учраас, манай иргэд бараг л БНХАУ-ыг задруулахгүйн төлөө хамгаалан тэмцэх ёстой юм шиг суртал ухуулга энд их хийгдэх боллоо…
-Задрал болох нөхцөлд тийм үйл явдал болохгүй гэж бодож байна. Хан үндэстнийхэн өөрсөд рүүгээ дүрвэхээс биш, юу гэж өөр үндэстэн рүү дүрвэх вэ? Монгол улс болон ханчуудын хооронд өвөр монголчууд байх болно гэдгийг бас санах хэрэгтэй. Хятадуудын Өвөр Монголд колоничлон суурьшсан байршил нь өмнөд нутгуудад их байдаг. Тэд өөрсдөөс нь тусгаар байх эрмэлзэлтэй өвөр монголчууд руу дүрвээд, тэгээд цаашаа мөн тийм эрмэлзэлтэй ар монголчууд руу дүрвэнэ гэж үү дээ?
Хятадад үймээн самуун, дайн дажин, задрал бутрал их тохиолдож байсан. Түүнээс болж Ар Монгол руу үй олноороо дүрвэсэн тохиолдол байхгүй. Хятад импэрийн шинжтэй болоход л төр нь колоничлолыг зохион байгуулж, колонистуудыг олноор илгээдэг байсан.
Хятад задрах уу, үгүй юу гэсэн асуудал бол байхгүй. Импэри заавал задардаг гэсэн л асуудал бий. Хятад улс одоо маш хүнд байдалтай байгаа. Үндэсний раёнуудад л эсэргүүцэл гараад байгаа юм биш. Хятадууд өөрсдөө коммунист дэглэмээ эсэргүүцэж, бүр тэррорын аргыг хэрэглэж байна. Хятадуудын Хойд-Өмнөдийн уламжлалт зөрчил сэргэж, нэмэгдэж байна. Өмнөдийнхөн цөөн тоот үндэстний салан тусгаарлагчдыг дэмжлээ гэх ч яриа гардаг.

-Хэрвээ Өвөр Монгол тусгаар тогтнолоо гэхэд, өвөр монголчуудын улс байж чадахгүй болбол яах вэ? Өвөр монголчууд өөртөө засах орны хүн амын 10 хувь боллоо ч гэдэг шүү дээ. Хятад колонистуудыг тодорхой нутагт төвлөрүүлээд, Хятад улсын монголчууд суурьшдаг өөр нутгаар солих ч байдаг юм уу, ямар нэг зааглах арга хэмжээ авахгүй бол тусгаар тогтнолоо гэх утга үгүй болж, 90 хувьдаа уусаад алга болно шүү дээ?

-Тэр асуудлыг шийдвэрлэх л болно. Хятадуудад өөртөө засах нэгж байгуулж өгч, тэнд төвлөрүүлж ч болох юм.
БНХАУ-ын колоничлолын бодлого тусгаар тогтносон Өвөр Монголд үргэлжилж таарахгүй. Түүнийг таслан зогсоохгүй л бол өвөр монголчууд үндэс угсаа, хэл соёлтойгоо хамт устаж үгүй болно гэдгийг дэлхий нийт ойлгож хүлээж авна гэдэгт найдаж байна.

-Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зарим зүтгэлтэн “Монгол улстай нэгдэхгүй, Түвд Түркэстантай нэгдэнэ” гэдэг гээд манай энд эмзэглэх хүмүүс тохиолддог. Тийм төлөвлөгөө танай намд бий юу?

-Өвөр монголчууд бид өнө эртнээс Ар Монголтойгоо нийлнэ нэгдэнэ гэсэн чин хүслэнтэй байж ирсэн шүү дээ, нэг л үндэстэн, адилхан монголчууд болохоор. Манай нам ч мөн адил.
Гэхдээ үе шат байхгүй бол болохгүй. Бэлтгэлээ хангаж байж Монгол улстай нэгдэхгүй бол маш их сөрөг үр дагавар гарна. Таны хэлсэн 90 хувийн хятадуудыг Монгол улсад нэгтгэж болохгүй. Хятад импэритэй холбоотой асуудлуудын хүрээнд Монгол улсыг татан оруулж болохгүй. Монголчуудын тусгаар тогтнолын цорын ганц гал голомт болсон Монгол улсаа бид хайрлан хамгаалах ёстой. Хүнд байдалд оруулах шалтгааныг бид гаргаж болохгүй.
Тиймээс хэсэг хугацаанд Өвөр Монгол тусгаар тогтносон улсын статустай байх шаардлага гарна байх. Түвд Түркэстантай нийлж Төв Азийн Холбоот улс байгуулна гэж зарим хүн ярьдаг. Тэр бол манай намын бодлого биш. Төв Азийн Холбоот улс байгуулна гэдэг хүмүүс маань ч, Монгол улсын Хятадтай холбоотой асуудлуудаас хамгаалахын тулд тэгэх шаардлагатай гэдэг юм шүү дээ.

-Өвөр монголчуудын эрлийзжисэн төвшин хэр вэ?
-Импэриүдийн харъяанд буй монголчуудын эрлийзжих, харьжих төвшнийг Монгол улсынхтай яаж харьцуулах вэ. Өвөр Монгол бол өнөөгийн БНХАУ дахь хамгийн их колоничлогдсон үндэсний раён болохыг ч хэлэх үү.
Монголоороо ярьж ч чадахгүй олон өвөр монгол хүн байна. Хятад хүнтэй суусан өвөр монголчууд ч цөөнгүй. Хятадууд болон өвөр монголчууд хоорондоо суухыг интэрнационалч үлгэр жишээ гэр бүл гээд төрөөс өөгшүүлэн дэмждэг. Гэхдээ цус холилдсон өвөр монголчууд их төлөв монгол талдаа байх хандлага байдаг. Нэлээд цус холилдсон гэгддэг нутгийнхан ч монгол үндэс угсааныхаа төлөө айхавтар тэмцэл өрнүүлээд л гараад ирдэг. Эрлийз хүн монголчуудад уусаж болно, эрлийзийн асуудлыг шийдвэрлэх олон арга зам бий. Өвөр Монголын эрлийз, харьжсан хүмүүс хотод төвлөрсөн байдаг. Хөдөө нутгийн өвөр монголчууд бол монголоороо л байгаа шүү дээ.
Өвөр монголчуудын яс угсаагаа хамгаалах тогтолцоо үүргээ муугүй гүйцэтгэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хятад хүнтэй суухыг ер таашаадаггүй. Суух юм бол монгол талын хамаатнууд нь хөндийрөөд л явчихна. Тиймээс манайхны цус холилдох төвшин харин ч гайгүй байгаа.
Ташрамд хэлэхэд, өвөр монголчууд бүгд эрлийз хүрлийз, хужаа гэх ойлголт ар монголчуудын дунд багагүй хэмжээтэй байсан. Тэр бол маш ташаа ойлголт шүү. Харин сүүлийн үед тэр ойлголт хумигдаж буйд баяртай байна.
Би Японы Сёндай хотод амьдардаг. Тэнд газар хөдлөлт, цунамийн их гамшиг болоход ар монголчууд маш их сэтгэл зовон шимширч, хэдэн өдрийн турш тэр үйл явдлаар л амьсгалж, нэг аймгаа хүртэл өгье гэж байсан. Үүнийг Сёндай хотынхон мэдээд сэтгэл хөдөлж байсан. Би ч бас ар монголчууд минь юутай их агуу сэтгэлтай хүмүүс вэ хэмээн бахдаж, хэзээ нэгтээ өвөр монголчуудыгаа ингэж дэмждэг болох биз ээ хэмээн баясч суув.

-Монгол улсад бүр, түр сууж буй өвөр монголчуудын эрх их зөрчигддөг гэж би ойлгодог. Жишээ нь, оршин суух статус авах, иргэн болоход маш хүндрэлтэй байдаг шиг. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Монгол улсад байх нь БНХАУ-д байхаас өдөр шөнө шиг ялгаатай. Оршин суух статус авах, иргэн болох нь хууль дүрмээ баримтлаад, зүй ёсоор нь хөөцөлдвөл болохгүй бүтэхгүй гэх зүйл байхгүй л юм шиг санагдсан.
Монголын иргэн мөртлөө, үзэл бодлоосоо болж БНХАУ-д баривчлагдан, шоронд хоригдоод авсан Соёлтыг та мэдэж байгаа. Тэр хүнийг Монголын паспорт л аварсан юм. Анхандаа мань хүн иргэн болох хэцүү гэнэ лээ гэх яриа сонсчихоод, хөөцөлдөхөөс халшраад явдаг байж л дээ. Гэтэл эхнэр нь төрөх болоход манай иргэн биш тул иймээ тиймээ гэсэн янз бүрийн хүндрэл гарчээ. Тэгээд Монголын иргэн болох асуудлаа хөөцөлдсөн чинь төвөггүй бүтээд, албаны хүмүүс шинэ хүнтэй болж буйд чинь баяр хүргэе гээд бүр ёс төртэйгээр паспортыг нь гардуулж, манай хүн магнай хагартлаа баярласан байгаа юм. Монгол улсад энэ мэт сайн сайхан зүйл их байна. Өвөр монголчуудыг хавчлаа гадуурхлаа гэх зүйл яриад байж болохгүй ээ. Харин ч Монголд амьдрах, иргэн нь болох бололцоо нээлттэй шүү гэж өвөр монголчууддаа сайн ойлгуулмаар байна.

-Миний бие уугуулшууллын тухай хуулийн төсөл боловсруулсан. Гэхдээ хүнийг эх нутгаас нь салгахыг би зорилгоо болгоогүй.
Монгол улсад амьдрах эрх дэлхийн монголчуудын хувьд нээлттэй байх ёстой гэдэг зарчмыг хуульчлах хэрэгтэй.
Уугуулшуулал гэдэг бол сонгодог рэпатриаци биш, түүнийг дотроо багтаасан, бүх монголчуудыг нүүлгэн ирүүлж нэгтгэх боломжийг нээж өгөх арга зам. Уугуулшууллыг үе шаттайгаар хэрэгжүүлж болно. Тиймээс би Ар Монголоос дүрвэсэн хүмүүсийг рэпатриацид хамруулах санаачлагыг дэвшүүлэх санаатай байгаа л даа. Өвөр Монголд тэд хэр олон байна вэ?

-Өмнөд Монгол буюу өнөөгийн БНХАУ-ын хилийн дотор суудаг бүх монголчуудын нутагт Ар Монголоос гаралтай хүмүүс цөөнгүй бий. ХХ зууны 30-аад онд олон хүн дүрвэж ирсэн. Нэлээд нь эх нутагтаа буцсан хэдий ч үлдсэн нь ч олон. Гансу мужид тэд тусгай сум байгуулан сууж, Сунангийн (Гансу мужийн урд хэсэг) монголчууд гэгддэг. Тэднийг эрдэмтэн Хөхбаатар тусгайлан судалсан. Хөх нуурт ч бас Халхаас гаралтай хүмүүс бий. Нийт хэдэн түмэн тийм хүн буй байх.

-Та Монгол улсад суралцаж байсан уу? Аялга тань биднийхээс их зөрүүгүй байна…
-Би Шилийнгол аймгийн Авга хошууны уугуул, унаган аялгаараа л ярьж байнаа. Гэхдээ Монгол улсад багагүй хугацаанд ажиллаж амьдарч байсаан. Монгол улсыг эх орноо гэж боддог. Монгол улсын хилийн гадна байгаа монголчуудын олонхи нь тийм бодолтой байдаг юм шүү.
 Ярилцсан Ч.Мөнхбаяр

Өвөр Монгол Ардын Нам

Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/ нь 1997.3.20-нд АНУ-н Нью-Йорк хотод анх албан ёсоор байгуулагдав. ӨМАН-н тэмцлийн эцсийн зорилго бол энхийн замаар өвєр Монгол дахь Хятадын Коммунист намын ноёрхлыг эцэс болгож, тусгаар тогтносон өвөр Монгол улсыг байгуулна. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй өвөр Монголын ард түмний шударга тэмцлийг чин сэтгэлээсээ талархан дэмжигч аливаа улсын иргэн ӨМАН-д элсэж гишүүн нь болж болно”. ӨМАН-н хөтөлбөрөөс Өвөр Монгол Ардын Нам /ӨМАН/ нь түүхийн онцгой нөхцөлд байгуулагдсан бөгөөд эрх чөлөөнийхөө төлөө олон арван жилийн турш мятрашгүй тэмцэж ирсэн өвөрМонголчуудын шударга тэмцлийн үр дүнтэй шууд холбоотой. Мэдээж, аливаа зүйл мэндэлж, торнин өсөж, түмэн бэрхшээлийг даван туулсны эцэст эрийн цээнд хүрэх жамтай. Үүнтэй адил, ӨМАН нь байгуулагдсанаасаа хойш олон бэрхшээлтэй тулгарч, гадаад дотоодын олон сөрөг хүчин зүйлээс шалтгаалан, энэдэж гэнэдэж, бүдэрч алдсан тал нэлээд бий. Бид алдаа дутагдлаа зоригтой хүлээн зөвшөөрч хатуу дүгнэлт хийж, цаашдын тэмцэлдээ улам зориг хатуужин, улам эв нэгдэлтэй, улам дайчин шаргуу тэмцэх болно. ӨМАН-н сүүлийн 9 жилийн тэмцлийн бартаатай замаар замнахдаа аажмаар нялх балчираасаа салж, өсөн өндийж, улам боловсронгуй, улам хатуужсан улс төрийн нам болж бойжиж байна. Дэлхийн улс төрийн байдал Хятадын дотоодын гүн гүнзгий хямрал, Төвд, Уйгар, өвөр Монголын тогтворгвй байдал нь ӨМАН-г нэг өдөр ч амирлангуй байхыг үл зөвшөөрнө. Бид тасралтгүй ӨМАН-аа хөгжүүлж, намынхаа стратеги, тактикийг улам боловсронгуй болгож, бусад улс орон, бусад улс төрийн байгууллагуудтай харьцах талаар өөрсдийнхөө байр сууриа тодруулах шаардлагатай. Ингэсний үр дүнд ӨМАН нь сая өвөр Монголынхоо хувь заяа, өвөр Монголчуудын ирээдүйн төлөө үүрэх хариуцлагаа нэр төртэй биелүүлж, боловсорсон, хатуужсан, улс төрийн хүчин болж чадна. Тухайлбал, Монгол улсад хандах ӨМАН-н байр суурь тодорхой, зөв байх шаардлагатай. Учир нь өвөр Монголчууд /өмнөт Монгол/ хэдийгээр хэл соёл нэгтэй, удам угсаа нэгтэй Монгол үндэстний нэг хэсэг байгаа ч, Хятад Орос хоёр гүрний шахалтаар түүхийн бараг 100 жилийн турш Монгол улсынхаа нэгэн дээвэр дор, Монгол хэмээх нэгэн гэр бүлд багтаж амьдарч байгаагүй нь үнэн. Их гүрнүүд санаатайгаар өвөр Монгол, Монгол улсын ард түмний хооронд яс хаяж, тэдний дунд зарим талаар үл ойлголгох, үл итгэлцэх уур амьсгал бий болгож чаджээ. Монгол улсын зарим ухвар мөчид иргэд өвөр Монголчуудыг Хятадаас үл ялган, шууд “хужаа” гэж хараан доромжилно. Нэг талаас, тэд өвөрмонгол хүнийг БНХАУ-ын иргэн хэмээн үзэж байгаа бололтой, бас орчин үеийн олон улсын гэрээ хуулиудын нөлөө нөлөөлсөн байж магадгүй. Нөгөө талаас, тэд Монгол улсын үнэн түүхийг хагас дутуу мэдэж байгаа, дэлхийг донсолгож байсан агуу Их Монгол Үндэстний туулсан яруу алдарт замналыг гүйцэт мэдэхгүй, мах цусны тасархай өвөр Монгол ахан дүүсээ дутуу ойлгосны гайгаар ийнхүү цэвдэг хүйтэн ханддаг болсон байна. Юутай харамсалтай! юутай инээдэмтэй. Монгол улсын мах цусны тасархай өвөр Монгол ахан дүүс тань сайн дураар Хятадын эрхшээлд ороогүй шүү, хүчинд автан аргагүй эрхэнд Шар лууны аманд орсон /одоохондоо/. Үүнийг Монгол улсын ард түмэн минь ойлгоосой! Хятадын колончлогчдын харгис дарлал дор түмэн зовлон амсаж буй, эрх чөлөөнийхөө төлөө чадан ядан тэмцэж яваа өвөр Монгол ахан дүүсээ зөв ойлгоорой. Өвөр Монгол ахан дүүсээ дандаа буруу ойлгож, цэвдэг ханддаг хүн Монгол улсад тун цөөн байгаа нь баярлууштай.Өвөр Монгол Ардын Нам энэ хэвийн бус үзэгдлийг Монгол улсын төрийн бодлого биш, Монгол улсын бүх ард түмний хандлага байр суурь биш гэдгийг сайтар мэдэж, зөв ойлгож байгаа бөгөөд хэзээ ч Монгол улс , Монголын ард түмэнд гомдож байгаагүй. Манай ӨМАН-н байр суурь тодорхой. Монгол улсын ард түмэн бол өвөр Монголчууд бидний мах цусны тасархай ахан дүүс, бид бүгд Эзэн Чингис хааны баатарлаг үр сад мєн. Монгол улс зөвхөн Халх Монголчуудын эх орон тєдий биш бас бүх Монголчуудын эх орон , дэлхийн Монгол туургатны хүсэн тэмүүлдэг Монгол Эх орон! Монгол хүн болж төрсний учир, бидэнд өөр сонголт байхгүй, учир нь бидний зүрх сэтгэл, оюун ухаан, амьсгаа бүр маань Монгол руу гагцхүү эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол эх орон руу тэмүүлнэ, зөвхөн Монгол улс руу…Мэдээж, өнөөгийн Монгол улс хөгжлөөрөө АНУ, Япон, Баруун Европын улстай зүйрлэхийн аргагүй. Газар зүйн байршил, түүхийн болон орчин үеийн нєхцєл байдлаас шалтгаалан Монгол улс бүх Монголчуудын хүссэнчлэн түргэн хєгжиж чадахгүй л байна, зарим талаар хоцронгуй хэвээр. Энэ бол үнэн. Хэдий ийм байгаа ч, ядуу зүдүү байсан ч эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол улс гүрнүүдтэй эрх тэгш харьцаж Чингис хааны маань байгуулсан “Монгол” хэмээх яруу алдарт нэрийг дэлхийд дуурсгаж байна, мандуулж байна. Монгол улс бол дэлхийн бүх монголчуудын зүрх сэтгэлийг нь соронзон мэт татсан эх орон, тэдний бахдан бахархах хүсэл мөрөөдлийн орон. “Сиймхий ч гэсэн миний гэр минь.Сэгсгэр ч гэсэн ээж минь” хэмээх Монгол зүйр үг бий. Учир иймд Монгол улсын өнөөгийн хєгжил нь удаашралтай, амьдрал ахуй нь хоцрогдонгуй гээд Монгол эх орноо голж гоочлох ёсгүй! Эрхгүй! Харамсалтай нь , зарим өвөрмонголчууд Бээжингийн ухуулга сурталчилгаанд хууртагдан , “Монгол улс хөгжлөөрөө өвөр Монголоос хол хоцорсон. Монголын Улаанбаатар манай Бээжингийн хаана ч хүрэхгүй” хэмээн балайрна, донгосно. Энэхүү байр суурь, хандлагыг ӨМАН буруу хэмээн үзэж байна. ӨМАН “Хөгжлөөрөө хоцрогдонгуй ч манай Монгол эх орон. Миний Монгол эх орон. Манай Бээжин биш, манай Улаанбаатар, миний Улаанбаатар!” гэсэн байр суурьтай. Түүх сөхөж, өнөөгийн бодит байдлыг үнэнээр нь өгүүлбээс: Хятадын эзэрхэг зандалчид өвөр Монголын маань түрэмгийлэн эзэлснээс хойш, дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн харгис, хамгийн жигшүүртэй колончлолын ноёрхолоо тогтоож , өвөр Монголчуудын эсрэг аймаглан устгах, хүчээр хятадчилан уусгах төрийн бодого явуулж ирсэн. Монгол хэмээх нэртэй Монгол хүн бүрийг устгаж сөнөөхийн сацуу сая сая хятад цагаачдын Цагаан Хэрэмийн цаанаас өвөр Монгол руу өдөр шөнөгүй нүүлгэн суурьшуулсаар… Монгол хэл соёл мөхөхийн ирмэгт тулаад байна. Цадахаа мэдэхгүй Хятад цагаачид хэмжээнээс хэтэрсэн тул өвөр Монголын бэлчээр нутаг, газар ус, ой мод бүхэлдээ сүйдэж экологийн сүйрэлд нэгэнт орсон байна. євєр Монголчууд гал усны гашуун зовлонгийн дунд тарчлан зовж байна. Үүнийг дэлхийн бүх улс үндэстэн сайн мэднэ. “Булсан ч бултайна, далдалсан ч дардайна”. Харин ухвар мөчид зарим өвөрмонголчууд Монгол гаралтайгаа умартан, Бээжингийн харгис ноёрхолыг жигшин үзэхгүй, зовж буй өвөр Монгол ахан дүүсээ хайрлан өрөвдөхгүй мөртлөө өөрсдийг нь дарамталж буй хятад ноёддоо пүүдэр түрхэн гоёлж, магтан дуулж бялдуучилна. Юутай инээдэмтэй. Юутай гутамшигтай. Жинхэнэ боолын сэтгэлгээтэй боол! Эзнийхээ их хөрөнгө зоорийг магтан сайрхсан усан тэнэг боолтой адилхан, хөөрхийеэ. Зарим өвөр Монголчууд ийм өрөвдөлтэй байдалд орсонд бид үнэнхүү сэтгэл зовинож үнэнхүү ойлгож ядаж байна. Эзэн Чингис хааны маань ижилхэн үр ач нь болсон Монгол улсын ард түмэн бол өвөр Монголчууд бидний мах цусны тасархай төрсөн ахан дүүс мөнөөс мөн! Монголын ард түмэн түүхийн урт удаан хугацаанд, хоёр их гүрний хавчилган дор, далайд гарцгүй газар шороондоо, мянган бэрхшээл, түмэн зовлон туулан өнөөгг хүртэл бүх Монголчуудын эх орон болсон Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол ба нэр хүндийг нь баттай хамгаалсаар, найдвартай мандуулан яваа нь юутай бахархууштай юутай баярлууштай! Дэлхийн бүх Монголчууд Монгол улсын ард түмнээр бахархана. Чин сэтгэлээсээ та бүхэнд баярлалаа гэж хэлж байна. Монгол улсын ард түмэн бол өвөр Монголчууд бидний, дэлхийн бүх Монголчуудын ахан дүүс мєн. Бид та нараараа бахархаж явна. Халх Монголчууд ахан дүүс минь ээ, бид та нартаа хайртай шүү. Энэ хайр маань хэзээ ч дундрахгүй, зүрх сэтгэлд маань үеийн үед бялхан цалгилах болно. Монгол улс, Монгол үндэстэн маань үеийн үед бадран мандтугай! Өвөр Монгол Ардын Намын дарга Тэмцэлт Чингис хааны тооллын 801 оны өглөө.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

Оршил-Orsil
Энэ дэлхийн эрх чөлөө, шударга ёс, энх тайвны үндэс нь хүн бүрийн хүмүүн болон төрсний нэр хүнд болон салгашгүй тэгш эрхийг хүлээн зөвшөөрөхийн учир,

Ene delhegi-e-iian erh qulugu, sudarga yos, enhe taiiban-i undes-ni humun bur-iin humun bolon turugsun-u nere hundu bolon salgashgui tegs erhe-ii hulegen zuvsuguruh-iin uqir,

Эрчүүдийн ичгүүрт уур хилэнгээс үүдэлтэй харгис үйлдэл нь хүний эрхийг үл хүндэтгэх болон доромжлолоос үүсдэг тул хүмүүний эрхэм хүсэл болсон айх аюулгүй, шүтэн бишрэх, үг хэлэх эрх чөлөөтэй хүн төрөлхтөнг бий болгохын учир,

Erqugud-iin iqgurtu ugur hilen-eqe ugudeltei hargis uildel-ni humun-i erhe-i ul hundetgehu bolon doromjilol-aqa ugusdeg tul humun-i erhem husel bologson aiha ayul-ugui, suten bisreh, uge heleh erhe qilugutei humun turulhtun-iig bui bolgoh-iin uqir,

Эр хүн дарангуйлал ба харгислалыг эсэргүүцэх сүүлчийн ганц найдвар болохгүй учир хүний эрхийг хууль дүрмээр хамгаалах нь зайлшгүй тул,

Ere humun daranguilal ba hargislal-iig eserguqeh sugulq-iin ganqa naidbar boloh-ugui uqir humun-i erhe-iig huguli durem-iiar hamgalah-ni zails-ugui tul,

Үндэстэн хооронд найрсаг харилцааг үүсгэх нь зайлшгүй чухал тул,

Undesten hogoron-du nairsag harilqag-a ugusgeh ni zailsgui quhal tul,

Бүрэн эрх чөлөөт амьдралыг эрхэм жишиг болгож, нийгмийн хөгжлийн манлайлагч байж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрх болон хувь хүний үнэ цэнэ, нэр хүнд, хүний үндсэн эрхийг эрхэмлэхээ Нэгдсэн Үндэстнүүд энэхүү тунхаглалдаа дахин батлахын тулд,

Buren erhe qulugu-tu amidoral-ig erhem jisig bolgoju, nigem-iin hugjil-iin manlailagqi baiju, eregtei-qugud emegtei-qugud-iin tegs erh bolon hubi humun-i une qene nere hundu, humun-i undsen erhe-iig erhemleh-e Negdsen Undsten-nugud eneh-u tunhaglal-dagan dahin batlah-iin tul-du,

Үндсэн эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх ба түгээн дэлгэрүүлэхэд Нэгдсэн Үндэстний байгуулагатай хамтран ажиллахаа Гишүүн улс батлахын тулд,

Undsen erhe qulugu, humun-i erhiig degedleh ba tugen delgeruleh-du Negdsen Undesten-i baigulaga-tai hamtran ajillah-a Gisugun uls batlah-iin tuld,

Энэхүү амлалтын бүрэн хэрэгжилтийн хамгийн чухал нь дээр дурдсан эрх чөлөө ба эрхийн тухай ерөнхий ойлголт болох тул,

Ene-hugu amlalt-iin buren heregjilt-iin hamag-iin quhal ni deger durdagsan erhe qilugu ba erhe-iin tuhai yerunhi oilgolt boloh tul,

Ийнхүү, Гишүүн улс өөрийн хүмүүсийн хооронд болон түүний шүүхийн мэдэлд байгаа хүмүүсийн хооронд заах буюу боловсрол олгохдоо дээр дурдсан эрх ба эрх чөлөөг эрхэмлэн, үр дүнтэй ойлголт ба хэрэгжилтийг үндэсний болон олон улсын хэмжээнд хамгаалж, бүх хүмүүс ба улсууд, эцэстээ нийгмийн бүх байгууллага, хувь хүн энэхүү Тунхаглалыг нийтийн хэвшсэн хэм хэмжээ болгохоор энэхүү нэгдсэн чуулганаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалыгтунхаглаж байна.

Inhugu, Gisugun uls ugur-iin humugus-iin hogoron-du zaah buyu bolobsorol olgoh-dagan deger durdsan erhe ba erhe qilugu-iig erhemlen, ure dun-tei oilgolt ba heregjilt-iig undes-i bolon olan uls-iin hemjegen-du hamgalju, buhe humugus ba ulsud, eqeste-e nigem-iin buhe baigulga, hubi humun enehu Tunhaglal-iig niite-iin hebssen heme hemjege bolgoh-iiar enehu negdsen qugulgan-iiar Humun-i erhe-iin tugemel tunhaglal-i tunhaglaju baina.

19.11.11

Миний өчил Д.Мөрөн

(Өвөр Монголын цогтой тэмцэгч Д.Мөрөн хятадын эрүү шүүлт мөрдлөгөөс зугтаан Швэдэд дүрвэсэн боловч тэндээ цаг бусаар нас барсан билээ.Түүний үхэл тодорхой бус ч мянга мянга эх орончдыг төрүүлсэн юм)1964 онд Өвөр Монголын Сөнөд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хүүхэд нь болон төрж, хөдөө байдаг нагацынд өсөн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хөх хотноо их сургуульд түүхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бүх Өвөр Монголыг дугуйтай 5000 км аялж, Өвөр Монголын нэн шинэ түүхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хүртэлх 4000 км- ын дугуйн аялалд

18.11.11

Өвөр Монголын Ардын намын төлөөлөгч Түмэн-Өлзийтэй хийсэн ярилцлага

Б.Түмэн-Өлзий нь Өвөр Монголын хууль бус Ардын намын Монгол Улс дахь үүрийн даргаар ажилладаг билээ. Тэрбээр 1960 онд Баруун Барга хошууны Гургуулдай хэмээх газар малчин Буянмэндийнд төржээ. Тайж угсаатай нэгэн. Байшин дахь монгол дунд сургуулийг дүүргээд Өвөр Монголын Багшийн их сургуульд элсэн орж 1984 онд монгол хэл, уран зохиолын мэргэжил эзэмшсэн байна. Үүний дараа “Өвөр Монголын багшлах арга зүй” хэмээх сэтгүүлд сэтгүүлчээр ажиллав.1994-1995 онд Японд суралцсан. Олон өгүүллэг, тууж, нийтлэлүүдийг бичиж байсан нь тухайн үедээ Өвөр Монголд нэлээд шуугиан дэгдээсэн. 2005 оноос Монгол Улсад амьдарч байна.
Би амьд байгаа шүү
-Таны тухай таагүй мэдээнүүд сонсогдож байсан. Яагаад ийм мэдээлэл гарах болсон талаар ярьж өгөхгүй юу?
-Тийм ээ, намайг Монголд амьдарч байгаад нас барсан гэж мэдээлснийг би дуулсаан. Энэ мэдээг дэлхий даяар түгээсэн юм билээ. Токиогоос Skype-аар нэг найз маань холбогдож Вашингтоноос ийм зүйл сонссоноо хэлсэн. Сүүлийн жилүүдэд миний талаар юу эсийг ярив. Буриад руу зугтсан, Монголын шоронд хоригдож байгаа, хүнд өвчин туссан, хятадуудад зодуулсан, Японд эргэж очсон, эхнэр авч бүр 2 хүүтэй болсон гээд цуурч өгсөн. Харин өнгөрөгч аравдугаар сард намайг үхсэн, Улаанбаатарын гудамжинд миний шарилыг харсан гэрч хүртэл бий гэсэн мэдээг дэлхий нийтэд цацсан байсан.
Хөх хотод байдаг анд маань холбогдох байгууллагууд руу утас цохиж намайг амьд байгааг мэдсэн байна лээ. Миний ах дүү нарт ийм цуу мэдээ сонсоод таатай байгаагүй. Хамгийн сүүлд Цагаан сарын үеэр намайг автомашины осолд амь үрэгдсэн гэх мэдээллийг хот, хөдөөгүүр хүчтэй тараасан юм билээ. Тэр шөнө миний эхнэр, охин хоёр Улаанбаатараас Хөх хотод ирээд байсан юм. Тэгсэн үл таних хоёр хүн манай эхнэртэй уулзаж намайг амьд байгааг мэдээд сэтгэл нь уужраад буцсан гэсэн. Хүнийг үхсэн гэж хэлэх амархан. Гагцхүү хүн бүхэн өөрийн нэрээ үхэлтэй холбоод байхыг хүсэхгүй байх гэж бодож байна. Тиймээс одоо энд тэнд ярилцлага өгөх цаг нь болжээ гэж үзэж байгаа. Миний тухай бичсэн зүйлсийг өдөр бүр олон сайтуудаас олж уншдаг. Уншигч түмэн маань намайг мартаагүй л юм байна. Миний талаар муу мэдээ сонсох бүртээ санаагаа чилээж суудаг ард түмэндээ би талархаж явдаг.
Би үхээгүй шүү, би амьд байна. Мэдээж хэрэг, хэзээ нэгэн цагт үхэх л болно. Гэхдээ цаг нь ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, би хангалттай удаан амьдарч чадаагүй байна. Хүний амьдралд иймэрхүү цуу ярианы оргил үе тохиолддог л байх. Харин сүүлийн үед миний талаарх цуу яриаг бараг сар бүр дэгдээдэг боллоо. Надад энэ маягаар заналхийлж байна л гэж би бодож байгаа. Нэгэнт амьдралын ийм замыг сонгосон над мэтийн хүнд иймэрхүү арга хэрэглээд хэрэггүй дээ.
Одоогоос арван жилийн өмнө үхэх тухай бодож байсан үе надад бий. Сэтгэл санааны хямралд орсон хүмүүст үхэл бол тайвшралыг олох сайн арга. Аньсага нь үүрд хаагдсан хүмүүс энэ хорвоогийн хамаг бэрхшээлээс ангижирч чаддаг. Ирж яваа өдөр бүр үхэл рүүгээ ойртох нэг алхам болж байдаг. Хүссэн ч, эс хүссэн ч энэ бол үнэн. Гэхдээ сайн бодож эргэцүүлбэл, үхэл тийм ч аймаар зүйл биш л дээ. Бодож эргэцүүлэхээсээ залхуурдаг хүмүүст л аймаар зүйл шиг санагддаг юм. Гэтэл зөвхөн үхэл л энэ дэлхийн хүмүүсийг эн тэгш эрхтэй болгож чаддаг. Харин энэ тэгш эрхийг хүн ганцхан удаа л эдэлдэг юм.
-Таныг дурсан санадаг хүмүүс Өвөр Монголд олон байдаг юм билээ. Та яагаад нутгаа орхих болсон юм бэ?
-Явна гэдэг чинь эсэргүүцлийн, тэр дундаа сул дорой хүмүүсийн эсэргүүцлийн нэг хэлбэр юм. Би колоничлогч Засгийн газрын хурдны морь эсвэл бууны нохой бололгүй орхиод гарсан нь үнэндээ эсэргүүцлийн нэг хэлбэр мөн байгаа биз дээ. “Бөхийж амьдрахаар босоогоороо үхсэн нь дээр” гэж монгол ардын зүйр үг байдаг юм.
Мэдээж хэрэг, нутгаа орхисон шалтгаануудаа хэдхэн үгт багтааж хэлэх аргагүй. Цаашдаа энэ талаар хэлж ярих үе олдоно биз ээ.
Чингис хаан “давхар иргэншил”-тэй байсан гэнэ
-Саяхан мэт боловч олон жил өнгөрчээ. Таны амьдрал хэр байна даа. Монголын эдийн засаг нь дорой, ядуурал, ажилгүйдэл цэцэглэж байгаа талаар уншиж байсан юм байна.
-Тусгаар тогтносон Монгол улсад ядаж гуравхан сар ч атугай амьдарч үзэхсэн гэж мөрөөддөг байлаа. 2005 онд би Монгол Улсын их сургуульд зочин профессороор нэг жилийн гэрээтэй ажиллахаар ирж байв. Гэтэл одоо таван жил болчихож.
Тийм ээ, Монгол Улс одоогоор ядуу, дорой хөгжилтэй байна. Сүүлийн 10 жилд ердөө барилгажилтаар л гэхэд Хөх хот Улаанбаатарыг хол орхилоо. Гэвч Ерөнхийлөгчөөсөө авахуулаад ажилгүй нэгэн нь ч монгол хүмүүс амьдардаг энэ орныг мөрөөдөж амьдарч ирсэн над шиг хүнд бол алхам тутамд монгол үндэстэн нь цөөрч байгаа Хөх хотод хоног өнгөрөөж байхаар Монголд амьдрах нь сайхан байна.
Монгол Улс бол ардчилсан залуу орон. Ардчилалд суралцаж байгаа хэдий ч энэ үзүүлэлтээрээ Хятадаас бүтэн 20 жилээр түрүүлж явна. Монголын 76-чууд “өдөр бүр хэрэлддэг” боловч Солонгосын Парламентын гишүүд шиг бие биеийнхээ нармайг нээдэггүй, тайванчууд шиг мэсээр заналхийлээд байдаггүй. Монголчууд ардчилалд маш хурдан суралцаж байгаа. Аливаа хүнд эрх чөлөө юунаас ч эрхэм. Сайхан амьдарч, амттай юм идэж байгаа хэдий ч явж суух, ярихыг нь хориглоод байвал тэр хүнийг аз жаргалтай гэж хэлэх үү. Тэр дундаа боловсролтой хүмүүсийг шүү.
Интернетээр жишээ авъя л даа. Интернет бол орчин үеийн хүмүүсийн хувьд уух ус, идэх хүнс, боловсролоо дээшлүүлэх том тархи нь болж өгч байна. Хятадад интернет маш хурдтай байдаг бол Монголд ямар ч цензур байдаггүй, дуртай сайт руугаа чөлөөтэй орж болно. Монголд хүнсний бүтээгдэхүүн дутагдалтай байдаг бол Хятадад юу л байна хүнс байна. Гэвч Хятадын ногоонуудыг химийн бордоо ашиглаж ургуулдаг. Өөрөөр хэлбэл, хүнсэндээ бараг цэвэр хор хэрэглэдэг гэсэн үг. Харин монголчууд бол хавар ногоогоо хөрсөнд суулгаад Хан Хурмастын хураар усалдаг. Тийм ч учраас зах дээр монгол төмс хятадынхаас хэд дахин үнэтэй байдаг. Монголчууд төмсийг чанаж байхдаа хятадынх гэдгийг нь андахгүй таньдаг. Энэ мэт ялгаа зөндөө бий.
Миний хувьд гэвэл, ном, зохиол бичдэг хэвээрээ. Хэвлүүлж чадаагүй байгаа боловч бэлэн болсон ном цөөнгүй бий. Энд ч бас ялгаа гарч ирдэг. Монголд хэвлэлийн газар цөөн, тэгээд ч жижгэвтэр хэмжээнийх байх юм. Гэхдээ хэвлэж байгаа номууд нь агуулгын хувьд баялаг. Хятадад хэвлэхийг хориглодог Далай лам, Гитлерийн дурсамжаас авахуулаад Америкийн шинэ Ерөнхийлөгч Барак Обамагийн дурсамж ном гээд бүгдийг хэдийнэ монгол хэл дээр орчуулаад хэвлэчихсэн байх жишээтэй. Өвөр Монголд бол энэ талаар саналтгүй.
Бас нэг жишээ хэлье. О.Батсайхан гэдэг монгол түүхчийн “Монголчууд тусгаар тогтнолын замд” хэмээх 2007 онд Улаанбаатар хотод хэвлэгдсэн цэвэр шинжлэх ухааны бүтээлийг 2009 онд Өвөр Монголд хэвлэн гаргаж байлаа. Тэр үед уг номыг “Монгол Улс тусгаар тогтнолын замд” гэсэн нэрээр хэвлэсэн юм. Хэдийгээр ганцхан үгийг өөрчилсөн ч утга нь өөр болоод явчихсан. Үндэстний нэрийг улсын нэр болгож өөрчилсөн нь тухайн үед тусгаар тогтнол бол өвөр монголчуудад хамаагүй зүйл гэж ухуулах гэсэн Хятадын бодлого байсан юм. Мөн тэр номны “Долдугаар бүлэг. Панмонголизмийн асуудлаарх Богд гэгээний байр суурь” гэдэг бүлгийг нь хасчихсан байсан.
Панмонгол төрийг байгуулах хөдөлгөөн 1919 онд өрнөж түүнд нь өвөр монголчууд, буриадууд идэвхтэй оролцсон байдаг. Түүнээс хойш бараг 100 жил өнгөрчээ. Гэсэн хэдий ч панмонголизмийн тухай асуудал өнөөг хүртэл Хятадад хориотой сэдэв хэвээр байна. Гэхдээ Хятадын Коммунист намын эсвэл хятадуудын зүгээс хориогүй байхад дээд зэргээр улстөржсөн, үндэс угсаагаа умартсан монголчууд энэ сэдвээр ярихаас зайлсхийдэг. Ганц үг, ганц бүлэг аваа биз юун сүртэй юм гэж зарим нь хэлэх л байх. Гэхдээ эндээс л бидний бодит байдлыг мэдэж болно. Хятад улс монголчууд бидний тархийг хэрхэн угааж байгаа талаар би онцолж яримаар байна. Тухайлбал, Чингис хааны үеийн Монгол Улс дундад зууны үед Батмөнх даян хааных байсан, одоо бол Хятадын нутаг гэж ярьдаг. Өөрсдөө Цин Шихуандигийн үеийн Хятад улс өдгөө Ху Жинтаогийн Хятад улс болсон гэж ярьдагтай агаар нэг болгож байгаа гэсэн. Энэ үзлээ бататгахын тулд цагаан хэрмээс цааш зүглэж үзээгүй манай Чингис хааныг Хятадын эзэн хаан байсан гэж зарлан тунхагласан. Орчин үеийн ойлголтоор бол манай агуу хаан давхар иргэншилтэй байсан болж таарах нь л дээ.

Манай нам дарга, даамлуудын нэгдэл биш
-Таныг хилийн чанадад салан тусгаарлагчидтай нэгдэж нийлсэн гэдгийг сонсоод зарим нь харамсч, зарим нь дэмжиж байсан. Ийм хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт ийм замыг сонгодог гэж зарим нь ярьж байна. Тухайн үед яг юу болсон юм бэ. Мөн та яагаад Өвөр Монголын Ардын намд элсэх болов?
-Намайг ашиг хонжоо хайж эсвэл ямар нэгэн дарамт шахалтын улмаас салан тусгаарлагчидтай нийлсэн гэж хүмүүс боддог бололтой. Би зарим зүйлийг тайлбарлаж өгье. Би ӨМАН-д 1981 оны наймдугаар сард элссэн. Өдрийг нь санахгүй байна. Монгол оюутнуудын хөдөлгөөн өрнөхөөс сарын өмнө юмдаг уу даа. Нэг нь хооронд танилцуулж, нөгөө нь зөвлөж, харин гуравдагч этгээдийг нь бид мэддэггүй байлаа. Төрийн зүгээс аймшигт шийтгэл, баривчилгаа явагдаж байсан учраас ингэж ажилладаг байсан юм билээ. Надаас хойш 10 жилийн дараа манай Багшийн их сургуулийг төгссөн хүн бас л энэ намын гишүүн болсноос үзвэл энэ нам оюутнуудын дунд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн нь харагдана.
Тэгтэл 1981 оны оюутны хөдөлгөөний үеэр өөр бас нэг нам үйл ажиллагаагаа явуулж байсныг би хожим 2005 онд мэдсэн. Ингээд Өвөр Монголын эдгээр нам, хөдөлгөөн 1997 онд нэгдэн нийлж Ардын намыг байгуулсан түүхтэй. Хэдийгээр 1925 онд Өвөр Монголын Ардын намыг байгуулсан өвөг дээдсээсээ бид цаг хугацааны хувьд алсран холдсон ч манай намын гишүүдийн үзэл бодол, зорилго нь хэвээр үлдсэн учраас Ардын намыг сэргээн байгуулснаараа өвгөдийнхөө агуу үйлсийг үргэлжлүүлж байгаа гэж зүй ёсоор тооцогдох ёстой. Би хувьдаа энэ намын эгнээнд элсэхдээ тавьсан тангаргаасаа хэзээ ч няцаж байгаагүй.
Надтай цуг намд элссэн хүмүүсээс колоничлогчдын гар хөл болсон нь бий. Гэвч тэдний хийсэн хэргүүд хэний ч гайхашрал, дургүйцлийг хүргэхгүй байгааг нь харахаар үнэхээр ичмээр санагддаг. Ард түмэн маань манай намын зорилгыг зөв ойлгоосой гэж би хүсдэг. Колоничлогчид бидний талаарх мэдээг нэвтрүүлдэггүй учир ард түмэн гол төлөв элдэв цуу яриагаар л тэжээгдэж байна. Манай нам эцсийн дүндээ эх орондоо эзэн нь болж улс орноо өөрсдөө удирдах зорилго тавьж байгаа.
Намын нийгмийн суурь нь юу вэ гэж үү. Цахилгаан эрчим хүч байдаггүй алс хол хөдөө газар насаараа монгол хэл бичиг заасан багш, эх орныхоо төлөө ямар нэгэн хэрэгтэй зүйлийг хийчих юмсан гэж зүтгэж байгаа зориг нь мохоогүй хамгийн доод шатны жижиг албан тушаалтан, ард түмнээ гэгээрүүлэх үйлсийн төлөө шөнө хугаслан ажилладаг сэхээтнүүд гээд ард түмнийхээ ирээдүйн төлөө санаагаа чилээж явдаг монгол цустай хүмүүс бий. Энгийн хүмүүст сайхан чанар олон байвч бас дутагдалтай талууд байна. Бидэнд түвдүүдийн адил хилийн чанадад агуу удирдагч, цөллөг дахь Засгийн газар байхгүй, тиймээс бүх өвөр монголчууд түүхэндээ ихийг үзсэн манай намын тугийн дор нэгдэж нягтраасай гэж хүсдэг. Манай нам бол дарга, даамлуудын нэгдэл биш. Энэ бол Өвөр Монгол дахь бүх монголчуудын нам юм. Үйл ажиллагааг нь шүүмжлэхээс илүү өөрсдөө энэ намд нэгдэж эх орноо эрх чөлөөтэй болгохын төлөө бүх хүчээ зориулах хэрэгтэй.
Тийм ээ, ӨМАН өөрийн нутгаасаа эзлэн түрэмгийлэгчдийг хөөж гаргаж чадаагүй. Өвөр Монголд ардчилал авчирч чадаагүй. Эцэст нь, Хадааг шоронгоос суллуулж чадсангүй. Гэвч бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан юм шүү. Сүүлийн жилүүдэд бид америк, европчуудад Өвөр Монголынхоо нөхцөл байдлын талаар танилцуулж чадсан. Мөн эсэргүүцлийн хэд хэдэн аяныг зохион байгууллаа.
-Өвөр Монголын сэхээтнүүдийг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Өнөөдөр Өвөр Монголд сэхээтнүүд гэх нийгмийн давхрага бий гэдэгт эргэлзэж байна. Мэдээж хэрэг, боловсролтой хүмүүс, сэхээтнүүд бий. Сэхээтэн гэхээр л сургууль төгсч боловсрол эзэмшсэн хүнийг хэлэхгүй л дээ. Үнэний төлөө тэмцэгч хүнийг сэхээтэн гэнэ хэмээн агуу сэтгэгч Саади хэлсэн байдаг. 1950-60-аад оны үед манай улсад Чандмань, Муунохой, Түвшин гээд жинхэнэ сэхээтнүүд байлаа. Учир нь Дэ ван буюу 1940-өөд оны үед Өвөр Монголыг удирдаж байсан Дэмчигдонров тайж, Буянмандах нар олон залуусыг Япон руу илгээж, хамгийн шилдэг боловсролыг эзэмшүүлэн сэхээтэн гэх давхрагын гол цөмийг бүрдүүлж чадсан юм. Тухайн үед Дамдинсүрэн, Тогтох, Бавуужав, Гончигсүрэн, Гаадаа мээрэн гэсэн эх орончдын тухай марталгүй дурсан санаж байсан үе байжээ. Үнэний талаарх ойлголт ч цэвэр байж. Тэгвэл коммунизмын жилүүдэд дээд боловсрол эзэмшсэн бүхэл бүтэн нэг үе бий болсон ч эдгээр хүн үнэнийг мэдэх эрмэлзлэлээ хэдийнэ гээсэн байв. Өөрөөр сэтгэгчдийг нэг бол хатуу шийтгэж, нэг бол санхүүгээр урамшуулдаг болсон нь эцэстээ тэд амаа таглуулахад хүргэсэн. Тэд сүүлдээ үг дуугарах битгий хэл амьсгалж ч чадахаа больсон. Нийгэм тэр аяараа ялзарч мөнгө, албан тушаалыг л өдөр шөнөгүй бодох болсон юм.
Сэхээтэн гээд байгаа хүмүүст хэдэн үг хариу болгож хэлмээр байна. Тэдний ёс зүйн уналт нь түшмэдийн дур зоргоороо аашилж буйгаас ч илүү хор уршгийг авчирна. Уг нь сэхээтнүүд ард олноо харанхуй бүдүүлэг явдлаас аврах ёстой байтал өөрсдөө тэр намагт нь хүзүү хүртлээ шигдчихэж. Тухайлбал, авлигад идэгдсэн албан тушаалтантай нөхөрлөж, хамтдаа ууж иддэгээ гайхуулдаг их сургуулийн багш байх юм. Бусад нь түүнд атаархаад л. Ийм хүн цөөн байсан бол би энэ талаар дуугарахгүй байх байлаа. Гэвч өнөөдөр иймэрхүү сэтгэхүйтэй сэхээтэн олширсон тул дуугүй өнгөрч чадсангүй.
-Та өөрийн номууддаа Дэ вангийн талаар их бичсэн байсан. Таны бодлоор, Дэ ван яг ямар хүн байсан бэ?
-Жагачид Сэчан түүхчийн “Миний мэдэх Дэ ван буюу тэр үеийн Өвөр Монгол” гэдэг нэртэй номын сүүлчийн бүлэгт ингэж бичсэн байдаг юм. Дэ вангийн эртний анд, Америкийн монгол судлаач Оуэн Латтимор 1972 онд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Бээжингийн төвийн үндэсний их сургуульд лекц уншжээ. Тэрээр Дэ вангийн талаар ярьж эхэлтэл Алашань аймгаас ирсэн нэг оюутан босоод “Танд энэ хүний талаар ингэж ярих эрх байхгүй. Та худал ярьж байна” гэж хэлсэн байдаг. Олон жилийн турш хүмүүст Дэ ванг ямар маягаар ойлгуулж байсныг энэхүү үйл явдал тод харуулж өгч байгаа юм.
Бидэнд өнөөг хүртэл түүний мөрөөдөл, явуулж байсан үйл ажиллагааных нь талаар ярих хориотой. Зүгээр түүний нэрийг дурдаж болно. Бүх юм хориотой хэвээр байгаа. Дэ ван бол 20 дугаар зууны үеийн Өвөр Монголын түүхийг таниж мэдэх түлхүүр гэж би боддог. Хэрэв түүний ажил амьдралыг бодитойгоор дүгнэж чадахгүй бол бид өнөө үеэ зөв ойлгож, ирээдүйгээ цогцлоож чадахгүйд хүрнэ. Би түүнийг Чингис хаан, Батмөнх даян хаанаас ч илүү хүндэлдэг. Яагаад гэвэл, энэ хоёр хүн он цагийн хувьд надаас нэлээд хол, түүхийн мананд ууссан үлгэрийн баатар мэт санагддаг. Харин Дэ ванг би мэдэрч, харж, сонсч чадна.
Би олон улстөрчийн намтар түүхийг уншиж байсан ч тэдгээрийн дотроос зөвхөн Дэ вангийн намтрыг унших бүртээ гүнээ харуусч, сэтгэл минь өвддөг юм. Энэ хүн 20 дугаар зууны түүхэн гунигт олон үйл явдалд голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг. Агуу өвгөдийнхөө төрийг сэргээхийн тулд хил давсан ч баригдаж улмаар түүнийг Гурван голын шоронгоос Хятадын шорон руу шилжүүлсэн байдаг. Уг нь би Өвөр Монголын эрдэмтэй харчуулаас их юм нэхээгүй. Ядаж хятадуудтай хоолойгоо нийлүүлэн түүнийг харлуулахаа болиоч ээ гэж л гуйж байгаа.

Тусгаар тогтнол өөрөө ирдэггүй юм
-Та Өвөр Монголын ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Өвөр Монгол одоогоор “больчихсон” улс биш гэдэгт би итгэж байгаа. “Чоно айсуй” гэж хашгираад сүүлийн хонь дээрээ гүйж очих хэмжээний хугацаа байна. Манжуурын эзлэн түрэмгийллээс эхэлж тооцвол бид 350 жил колонийн байдалтай амьдарч иржээ. Цин овогтнуудын ноёрхол нуран унасны дараа илүү зальтай, мөн илүү ухамсартай харийнхан бидний толгой дээр суучихав. Аль аль нь л биднийг бушуухан залгихыг хүсч байлаа. Гэвч өнөөдөр ч гэсэн монгол сургуулиудын цонхоор “а, э, и” гэж үсэглэх хүүхдүүдийн дуу цууриатсаар байна. Өнгөрөгч онд олон бяцхан хүүхэд бага ангийн босгыг алхсан. Энэ хүүхдүүд 60-70 наслана гэж үзвэл тэр хугацаагаар тухайн нутагт монголоор ярьж, монгол ёс заншлаа дээдэлдэг хүмүүс амьдарна гэсэн үг. Харин тэр 70 жилд нь Хятад болон дэлхий дахинд юу өөрчлөгдөх бол. Хятадын коммунист нам ноёрсон хэвээр байна гэж та бодож байна уу. Би бол үгүй гэж боддог. Тасын ходоод ч хайлуулж дийлэхгүй зүйлс гэж байдаг юм. Өнөөгийн Хятад улс хэчнээн хичээгээд ч хятадуудаас бүх талаараа ялгарч чаддаг Түвд, Уйгар, Өвөр Монголыг яагаад ч дийлэхгүй. Тэгээд ч одоо сяньби, зүрчдүүдийн үе биш. Эрдэм номтой хятадууд бас бий. Хятад улс манж нарыг дарсны дараа өөрийн үндэстний төрөө байгуулж чадаагүй учраас өнөөгийн Хятад оронд тогтворгүй байдал үүсэх улс төрийн гол шалтгаан нь болж байна гэж тэд үздэг. ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч олон үндэстний хэв маягаа арилгасныхаа дараа ОХУ эрчимтэй хөгжиж эхэлсэн шүү дээ.
Өнөөдрийн байдлаар, Хятад улс Өвөр Монгол, Шинжаан, Түвдийн байгалийн баялгийг дээрэмдэж байгаа ч энэ бол түр зуурын үзэгдэл юм. Учир нь улс орны хөгжил цаашдаа байгалийн баялагт тулгуурлахгүй. Манай монголчуудын дунд тусгаар тогтнолыг хэмжээгүй олон хүний амиар олж авдаг гэсэн буруу ойлголт байдаг. Өвөр монголчуудын тархийг угаасан хятадын үзэл суртал дээрх бодлыг бүр хөлжүүлээд байгаа юм. Магадгүй, манай уран зохиол дахь хэтрүүлгүүд үүнд нөлөөлсөн байх талтай. Хятадын дунд сургуулийн түүхийн хичээл дээр Ази, Африкийн дарлагдсан ард түмэн эзлэн түрэмгийлэгчидтэй партизануудын аргаар тулалдсаар тусгаар тогтнолоо олж авсан гэж заадаг юм. Гэтэл үнэн хэрэгтээ тэдгээр эзлэн түрэмгийлэгчид чинь өөрсдөө явчихсан байхгүй юу.
1960 онд Африкийн 17 улс тусгаар тогтнолоо зарлаж байлаа. Цаг нь болоход англичууд ч Энэтхэг, Палестин, Малайзи, Бирмийг орхин гарсан. Т-34-өөс ч бат бэх харагддаг байсан ЗХУ хүртэл 1991 онд ганцхан цагийн дотор нуран унаснаар нэг шөнийн дотор 14 улс тусгаар тогтнолоо олж авав. Үүнтэй зэрэгцээд Балканы хойгт шинээр хэд хэдэн улс мэндэлсэн билээ. Өдгөө дэлхийн хамгийн залуу улсаар дөнгөж сая голомтоо бадраасан Косово тодорлоо. Тус улс дахь 2 сая албанчуудын түүх нь өвөр монголчуудын түүхтэй их адилхан. 1945 онд монголчууд тусгаар тогнолоо зарласан ч том орны ард түмэнд эзлэгдэж автономит муж нь болсон түүхтэй.
Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл, тусгаар тогтнолыг цусан аргаар олж авдаггүй юм. Ихэнх тохиолдолд улс төрийн шийдлийн дүнд олж авдаг. Хамгийн ойрын жишээн дээрээс харцгаая л даа. Манжуудыг хөөж, Юань Шинкайн эсрэг чөлөөлөх тулалдаан хийж, үндэсний хувьсгалт армийг бий болгож, Халхын голд дайтаж явсан гээд Монгол орны түүхэнд зэвсэг агсаасан үе байсан ч тус улсад тусгаар тогтнолыг эдгээр үйл явдлууд авчраагүй юм шүү дээ. Ердөө л геополитикийн сонирхлын үүднээс Сталин хэмээх хөгшин гүрж эрд энэ атга газар хэрэгтэй байв.
Хятад улсын түүхэнд ч ийм жишээ бий. Хятадууд өөрсдөө япончуудыг хөөгөөгүй, америк, оросууд хоёр талаас нь тэднийг шахсан л хэрэг. Сэдвээсээ жаахан хазайн сануулахад, япончуудыг бут ниргэсний дараахан хятадууд хоорондоо 4 жилийн турш “эрэлхэгээр” дайтаж 20 сая хүнээ алдсан. Эцэст нь коммунист намын үнэнч албатуудыг болон төрөл бүрийн фашистуудыг толгой дээрээ гаргаснаар хожмоо бүр ч олон хүнээ алдсан.
Мэдээж хэрэг, та бүхэн гэртээ архиа уугаад, дуугаа дуулаад сууж байтал тусгаар тогтнол хүрээд ирнэ гэж би хэлэх гээгүй юм шүү. Колоничлолын дэглэм, коммунистуудын хувьд хоногийн тоо нь гүйцсэн гэдэгт би бат итгэлтэй байгаа. Хүн төрөлхтөн нэгэн цагт феодализмаас татгалзсантай яг л ижил. 2001-2010 онд НҮБ-аас колоничлолыг устгах 10 жилийн хугацаатай аяныг зарлан тунхагласан байдаг. Гэвч Өвөр Монголд ийм мэдээ хүрдэггүй юм. Хүрсэн ч хянагдаж, засварлагдсан хувилбар нь байдаг. Мөн 2007 онд НҮБ-аас нутгийн уугуул оршин суугчдын эрхийн тухай тунхаглалыг гаргасан. Энэ тунхагийг дагавал хятадууд манай улсын нутаг дэвсгэрээс ганц хүрз шороо авахын тулд биднээс зөвшөөрөл авах ёстой. Хэдийгээр хятадууд өнөөдөр олон улсын эрхийг хүлээн зөвшөөрдөггүй ч өөр гариг руу нисээд явчихдаггүй л юм бол үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрэх үе ирж л таарна. Хэрэв та бүхэн хэзээ нэгэн цагт Хятадад ардчилсан хөдөлгөөний эрин үе ирнэ гэдэгт итгэдэг бол тэр үед монголчууд өөрсдийн улс орноо удирдах болно гэдэгт бүү эргэлзээрэй. Энэ бол нэг үйл явдлын хоёр тал юм шүү.

Уяаг тань жаахан сулруулбал амжаад хөдлөөд аваарай
-Таны хэлснээр, цаад зах нь 10-20 жилийн дараа тэр сайхан цаг үе ирнэ гэж байгаа бол наана нь бид юу хийж байх ёстой вэ?
-Хятадад ардчилал суурьшсан үед л Өвөр Монголын тусгаар тогтнолын талаар ярих боломж бүрдэнэ. Үүнээс өөр боломж надад харагдахгүй байна. Уг нь бид бүгд найрамдах улс байгуулагдсан үеэс л хүлээсээр ирсэн. Хэрэв 1949 онд Хятадын коммунист нам ялаагүй бол бидний хүсэл арай өөрөөр хэрэгжих боломжтой болох байсан. Сүүлийн 30 жилд нүдний маань өмнө Хятадын эдийн засаг хурдацтай өссөнийг бид харлаа. Энэ хөгжил нь улс төрийн өөрчлөлт болох урьтач нөхцөл юм. Үүний тулд бид юун түрүүнд хэл, ёс заншлаа хадгалж үлдэх хэрэгтэй байна. Боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Энэ бол мянга мянган монгол гэр бүлийн үүрэг юм. Хилийн чанадад байгаа өвөр монголчууд их зүйлийг бүтээж чадна. Гэвч нутагтаа амьдарч байгаа хүмүүс энэ асуудал дээр илүү ихийг бүтээж чадна. Хүүхдүүдээ монгол сургуульд өгч, тэдэнтэйгээ монгол хэлээрээ ярьж, монгол ёс заншлаа даган амьдарч байгаа хүмүүс агуу гавьяа байгуулж байгаад тооцогдоно. Монголчуудын зарим нь хятадуудад уусч байгаад санаа зовох хэрэггүй. Энэ бол байгалийн шалгарал. Тэгээд хэдэн жилийн дараа иргэд нь хятадаар ярьдаг хэдий ч өөрсдийгөө Чингис хааны удам гэж зарласан шинэ улс Хятадын хойд хэсэгт мэндлэх вий. Мэдээж хэрэг, энэ бол хамгийн муухай төсөөлөл, бид ийм үр дүнг хүсэх ёсгүй.
-Хилийн чанадад байгаа өвөр монголчуудын аж амьдрал ямархуу байна вэ. Олон улсын тавцан дээр тэд ямархуу үйл ажиллагаа явуулж байна?
-Нэгдүгээрт, хилийн чанадад бид цөөхүүлээ байна. Тооноос чанар гэдэг шүү дээ. Өөрсдийн эх орон, ёс заншлаа мэддэггүй хүмүүс мэр сэр байна. Ийм хүмүүс Өвөр Монголын төлөө ямар нэгэн зүйл хийнэ гэдэгт би эргэлзэж байна. Олон улсын байгууллагууд Өвөр Монголд үндэстний асуудал байгаа гэдэгт итгэхээ ч больсон. Дэлхийн уйгарчуудын конгрессийн тэргүүн, хатагтай Рабия хүртэл өнгөрөгч онд Япон, Австралид айлчлах үеэрээ өвөр монголчуудын талаар нэг ч дурсаагүй, Түвд, Уйгарын ард түмний тухай л яриад байсан. Нэг талаас сүүлийн 20 жилд Өвөр Монголын эдийн засаг харьцангуй хурдан хөгжиж байна гэж ярьж байгаа ч хилийн чанадад байгаа өвөр монголчуудад түвдүүдийн адил цөллөг дахь Засгийн газар гэж алга. Бас хэт шашинлаг бус болохоороо уйгарууд шиг ядаж энэ талаараа нэгдэж чадахгүй байна.
Өнөөдөр Өвөр Монголд 20 сая хятад хүн амьдарч байгаа гэсэн үзүүлэлт нь Өвөр Монголд үндэстний асуудал байхгүй гэж үзэх шалтгаан болоод байна. Хятадууд дийлэнх амьдардаг газар үндэстний асуудал босдоггүй гэж үзэж байгаа бол Түвд, Шинжаан улсууд удахгүй үндэстний асуудалгүй болох юм байна л даа. Учир нь хятадууд Өвөр Монголд хэрэглэсэн аргаа одоо тэдгээр нутагт хэрэгжүүлэх ид үедээ явж байна.
Үнэн хэрэгтээ явуулын хүн олшрохоор л үндэстний асуудал үүсч эхэлдэг. Хятад дахь үндэстний асуудал гэдэг нь тусгаар тогтнолын төлөө болон баривчилж шийтгэхийн эсрэг тэмцэж буй жижиг түмнүүдийн тэмцэл юм. Хятадын уламжлалт ёс заншилд хятад үндэстнээс бусдыг нь дайснаа гэж үздэг. Энэ заншил өдгөө ч хэвээрээ байгаа. Хятадаас бусад үндэстнүүдийн нэр нь хүртэл доромжилсон утга бүхий ханзтай. Түвд, Шинжааныг бодвол Өвөр Монголд байдал илүү хүнд байна. Учир нь манай оронд хятадууд үлэмж нэмэгдэн нийгмийн шат болгонд хятадууд ноёрхож байгаа тул Хятадад уусах аюул бодитойгоор нүүрлэж эхэллээ.
Үнэнийг хэлэхэд, Түвд, Шинжаанд болж байгаа шиг том хэмжээний жагсаал цуглаан хийх орон зай Өвөр Монголд бараг алга. Тийм учраас би дэлхийн ард түмнүүдийг Өвөр Монголын нөхцөлд байдалд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.
-Хадааг энэ жил суллана гэсэн. Та түүний талаар юу хэлэх вэ?
-Хадаа бол ардчиллын пионер, манай үндэсний бэлэг тэмдэг болсон хүн. Түүнчлэн жинхэнэ монгол эрийн амьд жишээ. Бүтэн 15 жилийг шоронд өнгөрөөхдөө Хятадын эзлэн түрэмгийлэгчдийн өмнө толгойгоо бөхийлгөж үзээгүй нэгэн. Би өөр ийм хүнийг мэдэхгүй юм байна. Хадаагийн үндэслэсэн Өвөр монголчуудын ардчилсан холбоо тухайн үедээ 28 гишүүнтэй байсан ч нэлээн алсын зорилго тавьж байснаараа 1981 оны оюутны хөдөлгөөн мэтийн үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнүүдээс ялгарч байлаа. Манайх өөрийн гэсэн баатартай үндэстэн гэж хэлэхээсээ ичиж, санаа зовоод байх юм алга. Би Хадаагийн эрүүл мэндийн төлөө залбирч явдаг.
-Уншигчдад хандаж хэдэн үг хэлэхгүй юу?
-Юунаас ч айдаггүй хүн гэж бараг байдаггүй байх. Гэхдээ айх ёсгүй зүйлээсээ эмээж хэрэггүй гэж хэлэх байна. Р.Эрдэмт, Го.Сайнбаяр нарын хийсэн зүйлийг монгол хүн бүр хийж чадна. Үүнээс болж та даргын суудлаа алдахгүй, нууцаар цагдаад дуудагдахгүй. Дамдинсүрэн, Тогтох, Гаадаа мээрэн шиг болохын тулд эхлээд Эрдэмт, Сайнбаяр нар шиг болох хэрэгтэй байна. Ийм боломж нээлттэй байгаа. Цаг үеэ мэдрэх хэрэгтэй. Хэрэв хятадууд уяаг тань жаахан сулруулбал амжаад хөдлөөд аваарай. Энэ бол аргаа барсан хүний үг юм шүү.

Лавлах
Р.Эрдэмт, Го.Сайнбаяр нар нь төрийн байгууллагуудын бүх албан бичгийг хятад хэлээр үйлдэх тухай тушаалыг эсэргүүцэн шүүхэд хандаж байсан хүмүүс аж. Р.Эрдэмт нь Эрээнд төрийн алба хашдаг. Го.Сайнбаяр нь Багшийн коллежийн захирал байжээ. Хоёулаа яруу найраг, эссе туурвидаг. Энэ хоёр хүний тэмцлийн үр дүнд Өвөр Монголд албан бичгүүдийг монгол хэлээр ч бас хөтлөхийг зөвшөөрсөн ажээ.
Дээрх ярилцлагыг өнгөрөгч оны хоёрдугаар сарын 24-нд авсан ч одоогоос долоо хоногийн өмнө олон нийтэд дэлгэн тавьсан байна.
http://www.peoples-rights.info/

Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын учир

1911 онд Манж улс мөхөж, нийт Монголчуудын эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээх гэсэн оролдлого гарахад монгол нь том улс болчихоос Хятад, Орос хоёр айж, цэрэг дайн болон эд зүйлийн хавчлага шахалтын бодлого явуулснаас гагц Халх Монгол улсын хэмжээнд Богд хаант Монгол улс [Олноо Өргөгдсөн Монгол Улс] оршин тогтнох болжээ.
Өвөр монголчуудын эрх чөлөөг сэргээх гэсэн Дамдинсүрэн [Манлайбаатар], Тогтох, Бавуужав, Хайсан, Утай нар [эдгээр сайчууд нь бүгд одоогийн Монгол Улсын хилийн гаднах зүүн болоод өвөр Монголоос ирсэн] Богд Хаант Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахад гар бие оролцон тэмцжээ. Өнөөдөр хүртэл өвөр монголыг хятадтай нэгтгэх тухай өвөр монголчуудыг төлөөлсөн хууль ёсны

Санал бодлоо бичээрэй!

Энэ чат www.erhchuloo.com -той холбогдсон болно.
Цахим хуудасыг цааш нь мэдээлж дэмжье!
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More