24.11.11

Э.Хувьсгалт: Өвөр монголчууд бид өнө эртнээс Ар Монголтойгоо нийлнэ нэгдэнэ гэсэн чин хүслэнтэй байж ирсэн.

Э.Хувьсгалт: Өвөр монголчууд бид өнө эртнээс Ар Монголтойгоо нийлнэ нэгдэнэ гэсэн чин хүслэнтэй байж ирсэн
Өвөр монголын ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Хувьсгалтын хэвлэлд өгсөн ярилцлагыг уншигч танд хүргэж байна. -Та ямар зорилгоор ирэв. Эрдэмтэн хүнийхээ хувьд Монгол судлаачдын хуралд оролцож байна уу?
-Монгол улсад өвөр монголчуудыг дэмжих байдал эрс нэмэгдэж буй тул, үүнтэй холбоотойгоор ирлээ. Ар өвөр монголчууд уг дэмжлэгийн талаар уулзалт зохион байгуулж байгаа. Түүнд оролцох, ар монголчууддаа талархлаа илэрхийлэх, үзэл санаа нэгтнүүдтэйгээ холбоо тогтоох, цаашдын ажил үйлсээ хэлэлцэн төлөвлөх нь гол зорилго маань юм даа.-Өвөр Монголд өрнөж буй үйл явдлуудын нөлөөгөөр ар монголчууд өөр хандлагатай болж буй нь үнэн. Өдгөө Өвөр Монголын нөхцөл байдал ямар байна вэ?
-Тэнд хүн ард амь бие хайргүй тэмцсэнийхээ хүчээр арай илүү ардчилсан уур амьсгалыг бүрдүүлж байна. Бэлчээр, экологийн холбогдолтой шаардлага тавьж байсан бол, хүрээгээ өргөжүүлж үндэсний эрхийн холбогдолтой шаардлага тавин тэмцдэг боллоо. Тунляо хот гэж нэрлэгдэх болсон Жирэм аймгийн 400 гаруй сурагчид монгол хэлээр суралцах, ажиллах арга боломжийг шаардан жагссан жишээ байна.
Би Хятадын ардчилсан үзэлтнүүдтэй уулзахдаа, та нарын хийж чадаагүйг өвөр монгол малчид, хүүхдүүд хийж, тэнд ардчиллыг хэрэгжүүлж эхлээд байна гэхэд тэд хүлээн зөвшөөрч байсан. Өвөр монголчууд асуудал бэрхшээлээ шийдвэрлүүлэхийн тулд ардчилсан тэмцэл өрнүүлдэг, коммунист дарга нар буулт хийдэг болж байна. Эрх баригчдын зүгээс малчин Мэргэнийг хөнөөсөн алуурчдад цааз оноосон, малчдын байдлыг сайжруулах олон амлалт өгсөн зэрэг тэмцлийн эерэг үр дүн гарсан.

-ӨМАН хэзээ байгуулагдаж, ямар үйл ажиллагаа явуулав?
-1981 оны өвөр монголчуудын эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр л лав үйл ажиллагаа нууцаар өрнүүлж байсан юм билээ. Би өөрөө 1986 онд Хөххотод оюутан байхдаа нууцаар элсэгдэж байсан. Анхнаасаа л Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэх, Ар Өвөр 2 Монголыг нэгтгэхийн төлөө тэмцэх гэсэн эрхэм зорилготой нам байсан.
1996 онд АНУ-д, Өвөрмонголын Ардын Намыг хилийн чанадад зохион байгуулж байгаагаа тунхаглан зарлаж, илээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Манай нам Өвөр Монголын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан шүү дээ.
Сүүлийн үед бид тэмцлийн тактикаа өөрчилж байгаа. Ерөнхий асуудал ярихаас илүүтэйгээр, нарийвчлан тодорхой зүйлд анхаарал хандуулбал үр дүн нь их байх тохиолдол гарах юм. Жишээ нь, Өвөр Монголын эрх чөлөө гэж ярихаас илүү, өвөр монгол малчдын бэлчээр нутаг гэж яривал үр дүн нь арвин байдаг юм байна шүү дээ. Энэ мэтчилэн, ерөнхийгөөс тодорхой руу нэлээд шилжиж ажиллая гэж байгаа. Ар Монгол дахь дэмжигчидтэй өргөн холбоотой хамтран ажиллая гэж байгаа маань шинэ тактикийн маань нэг хэсэг шүү дээ.

-Хятад улс ардчилагдвал ӨвөрМонголын тусгаар тогтнох асуудалд боломж гарч ирнэ гэсэн хүлээлт байдаг. Энэ талаар?
-Мао нар угаасаа БНХАУ-ыг холбооны улсын зарчмаар байгуулна гэж хуурч мэхэлж байж, нэлээд тусгаар байдалтай, БНМАУ-д нэгдэнэ гэсэн чигтэй байсан Өвөр Монголыг Сталинтай хавсайдаж байж харъяандаа оруулсан. Тэр яригдсан холбооны улсыг байгуулах асуудал бол, Хятад ардчилагдвал, үндэсний хурцадмал байдлыг шийдвэрлэх гарц болон гарч ирнэ. Эрх тэгш холбооны улсуудын фэдэрациас гишүүн улс гарах эрхтэй байдаг. Ийм холбооны улс байгуулах нь зүйтэй гэдэг хан үндэстэн ардчилсан үзэлтнүүд ч бий. Тэгэхлээр Хятадын ардчилал тусгаар тогтнолын боломжид эерэг нөлөө үзүүлнэ л дээ.

-Хятад задарвал Монгол улсад үй олон хужаа орж ирэх учраас, манай иргэд бараг л БНХАУ-ыг задруулахгүйн төлөө хамгаалан тэмцэх ёстой юм шиг суртал ухуулга энд их хийгдэх боллоо…
-Задрал болох нөхцөлд тийм үйл явдал болохгүй гэж бодож байна. Хан үндэстнийхэн өөрсөд рүүгээ дүрвэхээс биш, юу гэж өөр үндэстэн рүү дүрвэх вэ? Монгол улс болон ханчуудын хооронд өвөр монголчууд байх болно гэдгийг бас санах хэрэгтэй. Хятадуудын Өвөр Монголд колоничлон суурьшсан байршил нь өмнөд нутгуудад их байдаг. Тэд өөрсдөөс нь тусгаар байх эрмэлзэлтэй өвөр монголчууд руу дүрвээд, тэгээд цаашаа мөн тийм эрмэлзэлтэй ар монголчууд руу дүрвэнэ гэж үү дээ?
Хятадад үймээн самуун, дайн дажин, задрал бутрал их тохиолдож байсан. Түүнээс болж Ар Монгол руу үй олноороо дүрвэсэн тохиолдол байхгүй. Хятад импэрийн шинжтэй болоход л төр нь колоничлолыг зохион байгуулж, колонистуудыг олноор илгээдэг байсан.
Хятад задрах уу, үгүй юу гэсэн асуудал бол байхгүй. Импэри заавал задардаг гэсэн л асуудал бий. Хятад улс одоо маш хүнд байдалтай байгаа. Үндэсний раёнуудад л эсэргүүцэл гараад байгаа юм биш. Хятадууд өөрсдөө коммунист дэглэмээ эсэргүүцэж, бүр тэррорын аргыг хэрэглэж байна. Хятадуудын Хойд-Өмнөдийн уламжлалт зөрчил сэргэж, нэмэгдэж байна. Өмнөдийнхөн цөөн тоот үндэстний салан тусгаарлагчдыг дэмжлээ гэх ч яриа гардаг.

-Хэрвээ Өвөр Монгол тусгаар тогтнолоо гэхэд, өвөр монголчуудын улс байж чадахгүй болбол яах вэ? Өвөр монголчууд өөртөө засах орны хүн амын 10 хувь боллоо ч гэдэг шүү дээ. Хятад колонистуудыг тодорхой нутагт төвлөрүүлээд, Хятад улсын монголчууд суурьшдаг өөр нутгаар солих ч байдаг юм уу, ямар нэг зааглах арга хэмжээ авахгүй бол тусгаар тогтнолоо гэх утга үгүй болж, 90 хувьдаа уусаад алга болно шүү дээ?

-Тэр асуудлыг шийдвэрлэх л болно. Хятадуудад өөртөө засах нэгж байгуулж өгч, тэнд төвлөрүүлж ч болох юм.
БНХАУ-ын колоничлолын бодлого тусгаар тогтносон Өвөр Монголд үргэлжилж таарахгүй. Түүнийг таслан зогсоохгүй л бол өвөр монголчууд үндэс угсаа, хэл соёлтойгоо хамт устаж үгүй болно гэдгийг дэлхий нийт ойлгож хүлээж авна гэдэгт найдаж байна.

-Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зарим зүтгэлтэн “Монгол улстай нэгдэхгүй, Түвд Түркэстантай нэгдэнэ” гэдэг гээд манай энд эмзэглэх хүмүүс тохиолддог. Тийм төлөвлөгөө танай намд бий юу?

-Өвөр монголчууд бид өнө эртнээс Ар Монголтойгоо нийлнэ нэгдэнэ гэсэн чин хүслэнтэй байж ирсэн шүү дээ, нэг л үндэстэн, адилхан монголчууд болохоор. Манай нам ч мөн адил.
Гэхдээ үе шат байхгүй бол болохгүй. Бэлтгэлээ хангаж байж Монгол улстай нэгдэхгүй бол маш их сөрөг үр дагавар гарна. Таны хэлсэн 90 хувийн хятадуудыг Монгол улсад нэгтгэж болохгүй. Хятад импэритэй холбоотой асуудлуудын хүрээнд Монгол улсыг татан оруулж болохгүй. Монголчуудын тусгаар тогтнолын цорын ганц гал голомт болсон Монгол улсаа бид хайрлан хамгаалах ёстой. Хүнд байдалд оруулах шалтгааныг бид гаргаж болохгүй.
Тиймээс хэсэг хугацаанд Өвөр Монгол тусгаар тогтносон улсын статустай байх шаардлага гарна байх. Түвд Түркэстантай нийлж Төв Азийн Холбоот улс байгуулна гэж зарим хүн ярьдаг. Тэр бол манай намын бодлого биш. Төв Азийн Холбоот улс байгуулна гэдэг хүмүүс маань ч, Монгол улсын Хятадтай холбоотой асуудлуудаас хамгаалахын тулд тэгэх шаардлагатай гэдэг юм шүү дээ.

-Өвөр монголчуудын эрлийзжисэн төвшин хэр вэ?
-Импэриүдийн харъяанд буй монголчуудын эрлийзжих, харьжих төвшнийг Монгол улсынхтай яаж харьцуулах вэ. Өвөр Монгол бол өнөөгийн БНХАУ дахь хамгийн их колоничлогдсон үндэсний раён болохыг ч хэлэх үү.
Монголоороо ярьж ч чадахгүй олон өвөр монгол хүн байна. Хятад хүнтэй суусан өвөр монголчууд ч цөөнгүй. Хятадууд болон өвөр монголчууд хоорондоо суухыг интэрнационалч үлгэр жишээ гэр бүл гээд төрөөс өөгшүүлэн дэмждэг. Гэхдээ цус холилдсон өвөр монголчууд их төлөв монгол талдаа байх хандлага байдаг. Нэлээд цус холилдсон гэгддэг нутгийнхан ч монгол үндэс угсааныхаа төлөө айхавтар тэмцэл өрнүүлээд л гараад ирдэг. Эрлийз хүн монголчуудад уусаж болно, эрлийзийн асуудлыг шийдвэрлэх олон арга зам бий. Өвөр Монголын эрлийз, харьжсан хүмүүс хотод төвлөрсөн байдаг. Хөдөө нутгийн өвөр монголчууд бол монголоороо л байгаа шүү дээ.
Өвөр монголчуудын яс угсаагаа хамгаалах тогтолцоо үүргээ муугүй гүйцэтгэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хятад хүнтэй суухыг ер таашаадаггүй. Суух юм бол монгол талын хамаатнууд нь хөндийрөөд л явчихна. Тиймээс манайхны цус холилдох төвшин харин ч гайгүй байгаа.
Ташрамд хэлэхэд, өвөр монголчууд бүгд эрлийз хүрлийз, хужаа гэх ойлголт ар монголчуудын дунд багагүй хэмжээтэй байсан. Тэр бол маш ташаа ойлголт шүү. Харин сүүлийн үед тэр ойлголт хумигдаж буйд баяртай байна.
Би Японы Сёндай хотод амьдардаг. Тэнд газар хөдлөлт, цунамийн их гамшиг болоход ар монголчууд маш их сэтгэл зовон шимширч, хэдэн өдрийн турш тэр үйл явдлаар л амьсгалж, нэг аймгаа хүртэл өгье гэж байсан. Үүнийг Сёндай хотынхон мэдээд сэтгэл хөдөлж байсан. Би ч бас ар монголчууд минь юутай их агуу сэтгэлтай хүмүүс вэ хэмээн бахдаж, хэзээ нэгтээ өвөр монголчуудыгаа ингэж дэмждэг болох биз ээ хэмээн баясч суув.

-Монгол улсад бүр, түр сууж буй өвөр монголчуудын эрх их зөрчигддөг гэж би ойлгодог. Жишээ нь, оршин суух статус авах, иргэн болоход маш хүндрэлтэй байдаг шиг. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Монгол улсад байх нь БНХАУ-д байхаас өдөр шөнө шиг ялгаатай. Оршин суух статус авах, иргэн болох нь хууль дүрмээ баримтлаад, зүй ёсоор нь хөөцөлдвөл болохгүй бүтэхгүй гэх зүйл байхгүй л юм шиг санагдсан.
Монголын иргэн мөртлөө, үзэл бодлоосоо болж БНХАУ-д баривчлагдан, шоронд хоригдоод авсан Соёлтыг та мэдэж байгаа. Тэр хүнийг Монголын паспорт л аварсан юм. Анхандаа мань хүн иргэн болох хэцүү гэнэ лээ гэх яриа сонсчихоод, хөөцөлдөхөөс халшраад явдаг байж л дээ. Гэтэл эхнэр нь төрөх болоход манай иргэн биш тул иймээ тиймээ гэсэн янз бүрийн хүндрэл гарчээ. Тэгээд Монголын иргэн болох асуудлаа хөөцөлдсөн чинь төвөггүй бүтээд, албаны хүмүүс шинэ хүнтэй болж буйд чинь баяр хүргэе гээд бүр ёс төртэйгээр паспортыг нь гардуулж, манай хүн магнай хагартлаа баярласан байгаа юм. Монгол улсад энэ мэт сайн сайхан зүйл их байна. Өвөр монголчуудыг хавчлаа гадуурхлаа гэх зүйл яриад байж болохгүй ээ. Харин ч Монголд амьдрах, иргэн нь болох бололцоо нээлттэй шүү гэж өвөр монголчууддаа сайн ойлгуулмаар байна.

-Миний бие уугуулшууллын тухай хуулийн төсөл боловсруулсан. Гэхдээ хүнийг эх нутгаас нь салгахыг би зорилгоо болгоогүй.
Монгол улсад амьдрах эрх дэлхийн монголчуудын хувьд нээлттэй байх ёстой гэдэг зарчмыг хуульчлах хэрэгтэй.
Уугуулшуулал гэдэг бол сонгодог рэпатриаци биш, түүнийг дотроо багтаасан, бүх монголчуудыг нүүлгэн ирүүлж нэгтгэх боломжийг нээж өгөх арга зам. Уугуулшууллыг үе шаттайгаар хэрэгжүүлж болно. Тиймээс би Ар Монголоос дүрвэсэн хүмүүсийг рэпатриацид хамруулах санаачлагыг дэвшүүлэх санаатай байгаа л даа. Өвөр Монголд тэд хэр олон байна вэ?

-Өмнөд Монгол буюу өнөөгийн БНХАУ-ын хилийн дотор суудаг бүх монголчуудын нутагт Ар Монголоос гаралтай хүмүүс цөөнгүй бий. ХХ зууны 30-аад онд олон хүн дүрвэж ирсэн. Нэлээд нь эх нутагтаа буцсан хэдий ч үлдсэн нь ч олон. Гансу мужид тэд тусгай сум байгуулан сууж, Сунангийн (Гансу мужийн урд хэсэг) монголчууд гэгддэг. Тэднийг эрдэмтэн Хөхбаатар тусгайлан судалсан. Хөх нуурт ч бас Халхаас гаралтай хүмүүс бий. Нийт хэдэн түмэн тийм хүн буй байх.

-Та Монгол улсад суралцаж байсан уу? Аялга тань биднийхээс их зөрүүгүй байна…
-Би Шилийнгол аймгийн Авга хошууны уугуул, унаган аялгаараа л ярьж байнаа. Гэхдээ Монгол улсад багагүй хугацаанд ажиллаж амьдарч байсаан. Монгол улсыг эх орноо гэж боддог. Монгол улсын хилийн гадна байгаа монголчуудын олонхи нь тийм бодолтой байдаг юм шүү.
 Ярилцсан Ч.Мөнхбаяр

0 Сэтгэгдэл::

Kommentar veröffentlichen

Санал бодлоо бичээрэй!

Энэ чат www.erhchuloo.com -той холбогдсон болно.
Цахим хуудасыг цааш нь мэдээлж дэмжье!
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More