18.11.11

Өвөр Монголын Ардын намын төлөөлөгч Түмэн-Өлзийтэй хийсэн ярилцлага

Б.Түмэн-Өлзий нь Өвөр Монголын хууль бус Ардын намын Монгол Улс дахь үүрийн даргаар ажилладаг билээ. Тэрбээр 1960 онд Баруун Барга хошууны Гургуулдай хэмээх газар малчин Буянмэндийнд төржээ. Тайж угсаатай нэгэн. Байшин дахь монгол дунд сургуулийг дүүргээд Өвөр Монголын Багшийн их сургуульд элсэн орж 1984 онд монгол хэл, уран зохиолын мэргэжил эзэмшсэн байна. Үүний дараа “Өвөр Монголын багшлах арга зүй” хэмээх сэтгүүлд сэтгүүлчээр ажиллав.1994-1995 онд Японд суралцсан. Олон өгүүллэг, тууж, нийтлэлүүдийг бичиж байсан нь тухайн үедээ Өвөр Монголд нэлээд шуугиан дэгдээсэн. 2005 оноос Монгол Улсад амьдарч байна.
Би амьд байгаа шүү
-Таны тухай таагүй мэдээнүүд сонсогдож байсан. Яагаад ийм мэдээлэл гарах болсон талаар ярьж өгөхгүй юу?
-Тийм ээ, намайг Монголд амьдарч байгаад нас барсан гэж мэдээлснийг би дуулсаан. Энэ мэдээг дэлхий даяар түгээсэн юм билээ. Токиогоос Skype-аар нэг найз маань холбогдож Вашингтоноос ийм зүйл сонссоноо хэлсэн. Сүүлийн жилүүдэд миний талаар юу эсийг ярив. Буриад руу зугтсан, Монголын шоронд хоригдож байгаа, хүнд өвчин туссан, хятадуудад зодуулсан, Японд эргэж очсон, эхнэр авч бүр 2 хүүтэй болсон гээд цуурч өгсөн. Харин өнгөрөгч аравдугаар сард намайг үхсэн, Улаанбаатарын гудамжинд миний шарилыг харсан гэрч хүртэл бий гэсэн мэдээг дэлхий нийтэд цацсан байсан.
Хөх хотод байдаг анд маань холбогдох байгууллагууд руу утас цохиж намайг амьд байгааг мэдсэн байна лээ. Миний ах дүү нарт ийм цуу мэдээ сонсоод таатай байгаагүй. Хамгийн сүүлд Цагаан сарын үеэр намайг автомашины осолд амь үрэгдсэн гэх мэдээллийг хот, хөдөөгүүр хүчтэй тараасан юм билээ. Тэр шөнө миний эхнэр, охин хоёр Улаанбаатараас Хөх хотод ирээд байсан юм. Тэгсэн үл таних хоёр хүн манай эхнэртэй уулзаж намайг амьд байгааг мэдээд сэтгэл нь уужраад буцсан гэсэн. Хүнийг үхсэн гэж хэлэх амархан. Гагцхүү хүн бүхэн өөрийн нэрээ үхэлтэй холбоод байхыг хүсэхгүй байх гэж бодож байна. Тиймээс одоо энд тэнд ярилцлага өгөх цаг нь болжээ гэж үзэж байгаа. Миний тухай бичсэн зүйлсийг өдөр бүр олон сайтуудаас олж уншдаг. Уншигч түмэн маань намайг мартаагүй л юм байна. Миний талаар муу мэдээ сонсох бүртээ санаагаа чилээж суудаг ард түмэндээ би талархаж явдаг.
Би үхээгүй шүү, би амьд байна. Мэдээж хэрэг, хэзээ нэгэн цагт үхэх л болно. Гэхдээ цаг нь ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, би хангалттай удаан амьдарч чадаагүй байна. Хүний амьдралд иймэрхүү цуу ярианы оргил үе тохиолддог л байх. Харин сүүлийн үед миний талаарх цуу яриаг бараг сар бүр дэгдээдэг боллоо. Надад энэ маягаар заналхийлж байна л гэж би бодож байгаа. Нэгэнт амьдралын ийм замыг сонгосон над мэтийн хүнд иймэрхүү арга хэрэглээд хэрэггүй дээ.
Одоогоос арван жилийн өмнө үхэх тухай бодож байсан үе надад бий. Сэтгэл санааны хямралд орсон хүмүүст үхэл бол тайвшралыг олох сайн арга. Аньсага нь үүрд хаагдсан хүмүүс энэ хорвоогийн хамаг бэрхшээлээс ангижирч чаддаг. Ирж яваа өдөр бүр үхэл рүүгээ ойртох нэг алхам болж байдаг. Хүссэн ч, эс хүссэн ч энэ бол үнэн. Гэхдээ сайн бодож эргэцүүлбэл, үхэл тийм ч аймаар зүйл биш л дээ. Бодож эргэцүүлэхээсээ залхуурдаг хүмүүст л аймаар зүйл шиг санагддаг юм. Гэтэл зөвхөн үхэл л энэ дэлхийн хүмүүсийг эн тэгш эрхтэй болгож чаддаг. Харин энэ тэгш эрхийг хүн ганцхан удаа л эдэлдэг юм.
-Таныг дурсан санадаг хүмүүс Өвөр Монголд олон байдаг юм билээ. Та яагаад нутгаа орхих болсон юм бэ?
-Явна гэдэг чинь эсэргүүцлийн, тэр дундаа сул дорой хүмүүсийн эсэргүүцлийн нэг хэлбэр юм. Би колоничлогч Засгийн газрын хурдны морь эсвэл бууны нохой бололгүй орхиод гарсан нь үнэндээ эсэргүүцлийн нэг хэлбэр мөн байгаа биз дээ. “Бөхийж амьдрахаар босоогоороо үхсэн нь дээр” гэж монгол ардын зүйр үг байдаг юм.
Мэдээж хэрэг, нутгаа орхисон шалтгаануудаа хэдхэн үгт багтааж хэлэх аргагүй. Цаашдаа энэ талаар хэлж ярих үе олдоно биз ээ.
Чингис хаан “давхар иргэншил”-тэй байсан гэнэ
-Саяхан мэт боловч олон жил өнгөрчээ. Таны амьдрал хэр байна даа. Монголын эдийн засаг нь дорой, ядуурал, ажилгүйдэл цэцэглэж байгаа талаар уншиж байсан юм байна.
-Тусгаар тогтносон Монгол улсад ядаж гуравхан сар ч атугай амьдарч үзэхсэн гэж мөрөөддөг байлаа. 2005 онд би Монгол Улсын их сургуульд зочин профессороор нэг жилийн гэрээтэй ажиллахаар ирж байв. Гэтэл одоо таван жил болчихож.
Тийм ээ, Монгол Улс одоогоор ядуу, дорой хөгжилтэй байна. Сүүлийн 10 жилд ердөө барилгажилтаар л гэхэд Хөх хот Улаанбаатарыг хол орхилоо. Гэвч Ерөнхийлөгчөөсөө авахуулаад ажилгүй нэгэн нь ч монгол хүмүүс амьдардаг энэ орныг мөрөөдөж амьдарч ирсэн над шиг хүнд бол алхам тутамд монгол үндэстэн нь цөөрч байгаа Хөх хотод хоног өнгөрөөж байхаар Монголд амьдрах нь сайхан байна.
Монгол Улс бол ардчилсан залуу орон. Ардчилалд суралцаж байгаа хэдий ч энэ үзүүлэлтээрээ Хятадаас бүтэн 20 жилээр түрүүлж явна. Монголын 76-чууд “өдөр бүр хэрэлддэг” боловч Солонгосын Парламентын гишүүд шиг бие биеийнхээ нармайг нээдэггүй, тайванчууд шиг мэсээр заналхийлээд байдаггүй. Монголчууд ардчилалд маш хурдан суралцаж байгаа. Аливаа хүнд эрх чөлөө юунаас ч эрхэм. Сайхан амьдарч, амттай юм идэж байгаа хэдий ч явж суух, ярихыг нь хориглоод байвал тэр хүнийг аз жаргалтай гэж хэлэх үү. Тэр дундаа боловсролтой хүмүүсийг шүү.
Интернетээр жишээ авъя л даа. Интернет бол орчин үеийн хүмүүсийн хувьд уух ус, идэх хүнс, боловсролоо дээшлүүлэх том тархи нь болж өгч байна. Хятадад интернет маш хурдтай байдаг бол Монголд ямар ч цензур байдаггүй, дуртай сайт руугаа чөлөөтэй орж болно. Монголд хүнсний бүтээгдэхүүн дутагдалтай байдаг бол Хятадад юу л байна хүнс байна. Гэвч Хятадын ногоонуудыг химийн бордоо ашиглаж ургуулдаг. Өөрөөр хэлбэл, хүнсэндээ бараг цэвэр хор хэрэглэдэг гэсэн үг. Харин монголчууд бол хавар ногоогоо хөрсөнд суулгаад Хан Хурмастын хураар усалдаг. Тийм ч учраас зах дээр монгол төмс хятадынхаас хэд дахин үнэтэй байдаг. Монголчууд төмсийг чанаж байхдаа хятадынх гэдгийг нь андахгүй таньдаг. Энэ мэт ялгаа зөндөө бий.
Миний хувьд гэвэл, ном, зохиол бичдэг хэвээрээ. Хэвлүүлж чадаагүй байгаа боловч бэлэн болсон ном цөөнгүй бий. Энд ч бас ялгаа гарч ирдэг. Монголд хэвлэлийн газар цөөн, тэгээд ч жижгэвтэр хэмжээнийх байх юм. Гэхдээ хэвлэж байгаа номууд нь агуулгын хувьд баялаг. Хятадад хэвлэхийг хориглодог Далай лам, Гитлерийн дурсамжаас авахуулаад Америкийн шинэ Ерөнхийлөгч Барак Обамагийн дурсамж ном гээд бүгдийг хэдийнэ монгол хэл дээр орчуулаад хэвлэчихсэн байх жишээтэй. Өвөр Монголд бол энэ талаар саналтгүй.
Бас нэг жишээ хэлье. О.Батсайхан гэдэг монгол түүхчийн “Монголчууд тусгаар тогтнолын замд” хэмээх 2007 онд Улаанбаатар хотод хэвлэгдсэн цэвэр шинжлэх ухааны бүтээлийг 2009 онд Өвөр Монголд хэвлэн гаргаж байлаа. Тэр үед уг номыг “Монгол Улс тусгаар тогтнолын замд” гэсэн нэрээр хэвлэсэн юм. Хэдийгээр ганцхан үгийг өөрчилсөн ч утга нь өөр болоод явчихсан. Үндэстний нэрийг улсын нэр болгож өөрчилсөн нь тухайн үед тусгаар тогтнол бол өвөр монголчуудад хамаагүй зүйл гэж ухуулах гэсэн Хятадын бодлого байсан юм. Мөн тэр номны “Долдугаар бүлэг. Панмонголизмийн асуудлаарх Богд гэгээний байр суурь” гэдэг бүлгийг нь хасчихсан байсан.
Панмонгол төрийг байгуулах хөдөлгөөн 1919 онд өрнөж түүнд нь өвөр монголчууд, буриадууд идэвхтэй оролцсон байдаг. Түүнээс хойш бараг 100 жил өнгөрчээ. Гэсэн хэдий ч панмонголизмийн тухай асуудал өнөөг хүртэл Хятадад хориотой сэдэв хэвээр байна. Гэхдээ Хятадын Коммунист намын эсвэл хятадуудын зүгээс хориогүй байхад дээд зэргээр улстөржсөн, үндэс угсаагаа умартсан монголчууд энэ сэдвээр ярихаас зайлсхийдэг. Ганц үг, ганц бүлэг аваа биз юун сүртэй юм гэж зарим нь хэлэх л байх. Гэхдээ эндээс л бидний бодит байдлыг мэдэж болно. Хятад улс монголчууд бидний тархийг хэрхэн угааж байгаа талаар би онцолж яримаар байна. Тухайлбал, Чингис хааны үеийн Монгол Улс дундад зууны үед Батмөнх даян хааных байсан, одоо бол Хятадын нутаг гэж ярьдаг. Өөрсдөө Цин Шихуандигийн үеийн Хятад улс өдгөө Ху Жинтаогийн Хятад улс болсон гэж ярьдагтай агаар нэг болгож байгаа гэсэн. Энэ үзлээ бататгахын тулд цагаан хэрмээс цааш зүглэж үзээгүй манай Чингис хааныг Хятадын эзэн хаан байсан гэж зарлан тунхагласан. Орчин үеийн ойлголтоор бол манай агуу хаан давхар иргэншилтэй байсан болж таарах нь л дээ.

Манай нам дарга, даамлуудын нэгдэл биш
-Таныг хилийн чанадад салан тусгаарлагчидтай нэгдэж нийлсэн гэдгийг сонсоод зарим нь харамсч, зарим нь дэмжиж байсан. Ийм хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт ийм замыг сонгодог гэж зарим нь ярьж байна. Тухайн үед яг юу болсон юм бэ. Мөн та яагаад Өвөр Монголын Ардын намд элсэх болов?
-Намайг ашиг хонжоо хайж эсвэл ямар нэгэн дарамт шахалтын улмаас салан тусгаарлагчидтай нийлсэн гэж хүмүүс боддог бололтой. Би зарим зүйлийг тайлбарлаж өгье. Би ӨМАН-д 1981 оны наймдугаар сард элссэн. Өдрийг нь санахгүй байна. Монгол оюутнуудын хөдөлгөөн өрнөхөөс сарын өмнө юмдаг уу даа. Нэг нь хооронд танилцуулж, нөгөө нь зөвлөж, харин гуравдагч этгээдийг нь бид мэддэггүй байлаа. Төрийн зүгээс аймшигт шийтгэл, баривчилгаа явагдаж байсан учраас ингэж ажилладаг байсан юм билээ. Надаас хойш 10 жилийн дараа манай Багшийн их сургуулийг төгссөн хүн бас л энэ намын гишүүн болсноос үзвэл энэ нам оюутнуудын дунд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн нь харагдана.
Тэгтэл 1981 оны оюутны хөдөлгөөний үеэр өөр бас нэг нам үйл ажиллагаагаа явуулж байсныг би хожим 2005 онд мэдсэн. Ингээд Өвөр Монголын эдгээр нам, хөдөлгөөн 1997 онд нэгдэн нийлж Ардын намыг байгуулсан түүхтэй. Хэдийгээр 1925 онд Өвөр Монголын Ардын намыг байгуулсан өвөг дээдсээсээ бид цаг хугацааны хувьд алсран холдсон ч манай намын гишүүдийн үзэл бодол, зорилго нь хэвээр үлдсэн учраас Ардын намыг сэргээн байгуулснаараа өвгөдийнхөө агуу үйлсийг үргэлжлүүлж байгаа гэж зүй ёсоор тооцогдох ёстой. Би хувьдаа энэ намын эгнээнд элсэхдээ тавьсан тангаргаасаа хэзээ ч няцаж байгаагүй.
Надтай цуг намд элссэн хүмүүсээс колоничлогчдын гар хөл болсон нь бий. Гэвч тэдний хийсэн хэргүүд хэний ч гайхашрал, дургүйцлийг хүргэхгүй байгааг нь харахаар үнэхээр ичмээр санагддаг. Ард түмэн маань манай намын зорилгыг зөв ойлгоосой гэж би хүсдэг. Колоничлогчид бидний талаарх мэдээг нэвтрүүлдэггүй учир ард түмэн гол төлөв элдэв цуу яриагаар л тэжээгдэж байна. Манай нам эцсийн дүндээ эх орондоо эзэн нь болж улс орноо өөрсдөө удирдах зорилго тавьж байгаа.
Намын нийгмийн суурь нь юу вэ гэж үү. Цахилгаан эрчим хүч байдаггүй алс хол хөдөө газар насаараа монгол хэл бичиг заасан багш, эх орныхоо төлөө ямар нэгэн хэрэгтэй зүйлийг хийчих юмсан гэж зүтгэж байгаа зориг нь мохоогүй хамгийн доод шатны жижиг албан тушаалтан, ард түмнээ гэгээрүүлэх үйлсийн төлөө шөнө хугаслан ажилладаг сэхээтнүүд гээд ард түмнийхээ ирээдүйн төлөө санаагаа чилээж явдаг монгол цустай хүмүүс бий. Энгийн хүмүүст сайхан чанар олон байвч бас дутагдалтай талууд байна. Бидэнд түвдүүдийн адил хилийн чанадад агуу удирдагч, цөллөг дахь Засгийн газар байхгүй, тиймээс бүх өвөр монголчууд түүхэндээ ихийг үзсэн манай намын тугийн дор нэгдэж нягтраасай гэж хүсдэг. Манай нам бол дарга, даамлуудын нэгдэл биш. Энэ бол Өвөр Монгол дахь бүх монголчуудын нам юм. Үйл ажиллагааг нь шүүмжлэхээс илүү өөрсдөө энэ намд нэгдэж эх орноо эрх чөлөөтэй болгохын төлөө бүх хүчээ зориулах хэрэгтэй.
Тийм ээ, ӨМАН өөрийн нутгаасаа эзлэн түрэмгийлэгчдийг хөөж гаргаж чадаагүй. Өвөр Монголд ардчилал авчирч чадаагүй. Эцэст нь, Хадааг шоронгоос суллуулж чадсангүй. Гэвч бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан юм шүү. Сүүлийн жилүүдэд бид америк, европчуудад Өвөр Монголынхоо нөхцөл байдлын талаар танилцуулж чадсан. Мөн эсэргүүцлийн хэд хэдэн аяныг зохион байгууллаа.
-Өвөр Монголын сэхээтнүүдийг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Өнөөдөр Өвөр Монголд сэхээтнүүд гэх нийгмийн давхрага бий гэдэгт эргэлзэж байна. Мэдээж хэрэг, боловсролтой хүмүүс, сэхээтнүүд бий. Сэхээтэн гэхээр л сургууль төгсч боловсрол эзэмшсэн хүнийг хэлэхгүй л дээ. Үнэний төлөө тэмцэгч хүнийг сэхээтэн гэнэ хэмээн агуу сэтгэгч Саади хэлсэн байдаг. 1950-60-аад оны үед манай улсад Чандмань, Муунохой, Түвшин гээд жинхэнэ сэхээтнүүд байлаа. Учир нь Дэ ван буюу 1940-өөд оны үед Өвөр Монголыг удирдаж байсан Дэмчигдонров тайж, Буянмандах нар олон залуусыг Япон руу илгээж, хамгийн шилдэг боловсролыг эзэмшүүлэн сэхээтэн гэх давхрагын гол цөмийг бүрдүүлж чадсан юм. Тухайн үед Дамдинсүрэн, Тогтох, Бавуужав, Гончигсүрэн, Гаадаа мээрэн гэсэн эх орончдын тухай марталгүй дурсан санаж байсан үе байжээ. Үнэний талаарх ойлголт ч цэвэр байж. Тэгвэл коммунизмын жилүүдэд дээд боловсрол эзэмшсэн бүхэл бүтэн нэг үе бий болсон ч эдгээр хүн үнэнийг мэдэх эрмэлзлэлээ хэдийнэ гээсэн байв. Өөрөөр сэтгэгчдийг нэг бол хатуу шийтгэж, нэг бол санхүүгээр урамшуулдаг болсон нь эцэстээ тэд амаа таглуулахад хүргэсэн. Тэд сүүлдээ үг дуугарах битгий хэл амьсгалж ч чадахаа больсон. Нийгэм тэр аяараа ялзарч мөнгө, албан тушаалыг л өдөр шөнөгүй бодох болсон юм.
Сэхээтэн гээд байгаа хүмүүст хэдэн үг хариу болгож хэлмээр байна. Тэдний ёс зүйн уналт нь түшмэдийн дур зоргоороо аашилж буйгаас ч илүү хор уршгийг авчирна. Уг нь сэхээтнүүд ард олноо харанхуй бүдүүлэг явдлаас аврах ёстой байтал өөрсдөө тэр намагт нь хүзүү хүртлээ шигдчихэж. Тухайлбал, авлигад идэгдсэн албан тушаалтантай нөхөрлөж, хамтдаа ууж иддэгээ гайхуулдаг их сургуулийн багш байх юм. Бусад нь түүнд атаархаад л. Ийм хүн цөөн байсан бол би энэ талаар дуугарахгүй байх байлаа. Гэвч өнөөдөр иймэрхүү сэтгэхүйтэй сэхээтэн олширсон тул дуугүй өнгөрч чадсангүй.
-Та өөрийн номууддаа Дэ вангийн талаар их бичсэн байсан. Таны бодлоор, Дэ ван яг ямар хүн байсан бэ?
-Жагачид Сэчан түүхчийн “Миний мэдэх Дэ ван буюу тэр үеийн Өвөр Монгол” гэдэг нэртэй номын сүүлчийн бүлэгт ингэж бичсэн байдаг юм. Дэ вангийн эртний анд, Америкийн монгол судлаач Оуэн Латтимор 1972 онд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Бээжингийн төвийн үндэсний их сургуульд лекц уншжээ. Тэрээр Дэ вангийн талаар ярьж эхэлтэл Алашань аймгаас ирсэн нэг оюутан босоод “Танд энэ хүний талаар ингэж ярих эрх байхгүй. Та худал ярьж байна” гэж хэлсэн байдаг. Олон жилийн турш хүмүүст Дэ ванг ямар маягаар ойлгуулж байсныг энэхүү үйл явдал тод харуулж өгч байгаа юм.
Бидэнд өнөөг хүртэл түүний мөрөөдөл, явуулж байсан үйл ажиллагааных нь талаар ярих хориотой. Зүгээр түүний нэрийг дурдаж болно. Бүх юм хориотой хэвээр байгаа. Дэ ван бол 20 дугаар зууны үеийн Өвөр Монголын түүхийг таниж мэдэх түлхүүр гэж би боддог. Хэрэв түүний ажил амьдралыг бодитойгоор дүгнэж чадахгүй бол бид өнөө үеэ зөв ойлгож, ирээдүйгээ цогцлоож чадахгүйд хүрнэ. Би түүнийг Чингис хаан, Батмөнх даян хаанаас ч илүү хүндэлдэг. Яагаад гэвэл, энэ хоёр хүн он цагийн хувьд надаас нэлээд хол, түүхийн мананд ууссан үлгэрийн баатар мэт санагддаг. Харин Дэ ванг би мэдэрч, харж, сонсч чадна.
Би олон улстөрчийн намтар түүхийг уншиж байсан ч тэдгээрийн дотроос зөвхөн Дэ вангийн намтрыг унших бүртээ гүнээ харуусч, сэтгэл минь өвддөг юм. Энэ хүн 20 дугаар зууны түүхэн гунигт олон үйл явдалд голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг. Агуу өвгөдийнхөө төрийг сэргээхийн тулд хил давсан ч баригдаж улмаар түүнийг Гурван голын шоронгоос Хятадын шорон руу шилжүүлсэн байдаг. Уг нь би Өвөр Монголын эрдэмтэй харчуулаас их юм нэхээгүй. Ядаж хятадуудтай хоолойгоо нийлүүлэн түүнийг харлуулахаа болиоч ээ гэж л гуйж байгаа.

Тусгаар тогтнол өөрөө ирдэггүй юм
-Та Өвөр Монголын ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Өвөр Монгол одоогоор “больчихсон” улс биш гэдэгт би итгэж байгаа. “Чоно айсуй” гэж хашгираад сүүлийн хонь дээрээ гүйж очих хэмжээний хугацаа байна. Манжуурын эзлэн түрэмгийллээс эхэлж тооцвол бид 350 жил колонийн байдалтай амьдарч иржээ. Цин овогтнуудын ноёрхол нуран унасны дараа илүү зальтай, мөн илүү ухамсартай харийнхан бидний толгой дээр суучихав. Аль аль нь л биднийг бушуухан залгихыг хүсч байлаа. Гэвч өнөөдөр ч гэсэн монгол сургуулиудын цонхоор “а, э, и” гэж үсэглэх хүүхдүүдийн дуу цууриатсаар байна. Өнгөрөгч онд олон бяцхан хүүхэд бага ангийн босгыг алхсан. Энэ хүүхдүүд 60-70 наслана гэж үзвэл тэр хугацаагаар тухайн нутагт монголоор ярьж, монгол ёс заншлаа дээдэлдэг хүмүүс амьдарна гэсэн үг. Харин тэр 70 жилд нь Хятад болон дэлхий дахинд юу өөрчлөгдөх бол. Хятадын коммунист нам ноёрсон хэвээр байна гэж та бодож байна уу. Би бол үгүй гэж боддог. Тасын ходоод ч хайлуулж дийлэхгүй зүйлс гэж байдаг юм. Өнөөгийн Хятад улс хэчнээн хичээгээд ч хятадуудаас бүх талаараа ялгарч чаддаг Түвд, Уйгар, Өвөр Монголыг яагаад ч дийлэхгүй. Тэгээд ч одоо сяньби, зүрчдүүдийн үе биш. Эрдэм номтой хятадууд бас бий. Хятад улс манж нарыг дарсны дараа өөрийн үндэстний төрөө байгуулж чадаагүй учраас өнөөгийн Хятад оронд тогтворгүй байдал үүсэх улс төрийн гол шалтгаан нь болж байна гэж тэд үздэг. ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч олон үндэстний хэв маягаа арилгасныхаа дараа ОХУ эрчимтэй хөгжиж эхэлсэн шүү дээ.
Өнөөдрийн байдлаар, Хятад улс Өвөр Монгол, Шинжаан, Түвдийн байгалийн баялгийг дээрэмдэж байгаа ч энэ бол түр зуурын үзэгдэл юм. Учир нь улс орны хөгжил цаашдаа байгалийн баялагт тулгуурлахгүй. Манай монголчуудын дунд тусгаар тогтнолыг хэмжээгүй олон хүний амиар олж авдаг гэсэн буруу ойлголт байдаг. Өвөр монголчуудын тархийг угаасан хятадын үзэл суртал дээрх бодлыг бүр хөлжүүлээд байгаа юм. Магадгүй, манай уран зохиол дахь хэтрүүлгүүд үүнд нөлөөлсөн байх талтай. Хятадын дунд сургуулийн түүхийн хичээл дээр Ази, Африкийн дарлагдсан ард түмэн эзлэн түрэмгийлэгчидтэй партизануудын аргаар тулалдсаар тусгаар тогтнолоо олж авсан гэж заадаг юм. Гэтэл үнэн хэрэгтээ тэдгээр эзлэн түрэмгийлэгчид чинь өөрсдөө явчихсан байхгүй юу.
1960 онд Африкийн 17 улс тусгаар тогтнолоо зарлаж байлаа. Цаг нь болоход англичууд ч Энэтхэг, Палестин, Малайзи, Бирмийг орхин гарсан. Т-34-өөс ч бат бэх харагддаг байсан ЗХУ хүртэл 1991 онд ганцхан цагийн дотор нуран унаснаар нэг шөнийн дотор 14 улс тусгаар тогтнолоо олж авав. Үүнтэй зэрэгцээд Балканы хойгт шинээр хэд хэдэн улс мэндэлсэн билээ. Өдгөө дэлхийн хамгийн залуу улсаар дөнгөж сая голомтоо бадраасан Косово тодорлоо. Тус улс дахь 2 сая албанчуудын түүх нь өвөр монголчуудын түүхтэй их адилхан. 1945 онд монголчууд тусгаар тогнолоо зарласан ч том орны ард түмэнд эзлэгдэж автономит муж нь болсон түүхтэй.
Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл, тусгаар тогтнолыг цусан аргаар олж авдаггүй юм. Ихэнх тохиолдолд улс төрийн шийдлийн дүнд олж авдаг. Хамгийн ойрын жишээн дээрээс харцгаая л даа. Манжуудыг хөөж, Юань Шинкайн эсрэг чөлөөлөх тулалдаан хийж, үндэсний хувьсгалт армийг бий болгож, Халхын голд дайтаж явсан гээд Монгол орны түүхэнд зэвсэг агсаасан үе байсан ч тус улсад тусгаар тогтнолыг эдгээр үйл явдлууд авчраагүй юм шүү дээ. Ердөө л геополитикийн сонирхлын үүднээс Сталин хэмээх хөгшин гүрж эрд энэ атга газар хэрэгтэй байв.
Хятад улсын түүхэнд ч ийм жишээ бий. Хятадууд өөрсдөө япончуудыг хөөгөөгүй, америк, оросууд хоёр талаас нь тэднийг шахсан л хэрэг. Сэдвээсээ жаахан хазайн сануулахад, япончуудыг бут ниргэсний дараахан хятадууд хоорондоо 4 жилийн турш “эрэлхэгээр” дайтаж 20 сая хүнээ алдсан. Эцэст нь коммунист намын үнэнч албатуудыг болон төрөл бүрийн фашистуудыг толгой дээрээ гаргаснаар хожмоо бүр ч олон хүнээ алдсан.
Мэдээж хэрэг, та бүхэн гэртээ архиа уугаад, дуугаа дуулаад сууж байтал тусгаар тогтнол хүрээд ирнэ гэж би хэлэх гээгүй юм шүү. Колоничлолын дэглэм, коммунистуудын хувьд хоногийн тоо нь гүйцсэн гэдэгт би бат итгэлтэй байгаа. Хүн төрөлхтөн нэгэн цагт феодализмаас татгалзсантай яг л ижил. 2001-2010 онд НҮБ-аас колоничлолыг устгах 10 жилийн хугацаатай аяныг зарлан тунхагласан байдаг. Гэвч Өвөр Монголд ийм мэдээ хүрдэггүй юм. Хүрсэн ч хянагдаж, засварлагдсан хувилбар нь байдаг. Мөн 2007 онд НҮБ-аас нутгийн уугуул оршин суугчдын эрхийн тухай тунхаглалыг гаргасан. Энэ тунхагийг дагавал хятадууд манай улсын нутаг дэвсгэрээс ганц хүрз шороо авахын тулд биднээс зөвшөөрөл авах ёстой. Хэдийгээр хятадууд өнөөдөр олон улсын эрхийг хүлээн зөвшөөрдөггүй ч өөр гариг руу нисээд явчихдаггүй л юм бол үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрэх үе ирж л таарна. Хэрэв та бүхэн хэзээ нэгэн цагт Хятадад ардчилсан хөдөлгөөний эрин үе ирнэ гэдэгт итгэдэг бол тэр үед монголчууд өөрсдийн улс орноо удирдах болно гэдэгт бүү эргэлзээрэй. Энэ бол нэг үйл явдлын хоёр тал юм шүү.

Уяаг тань жаахан сулруулбал амжаад хөдлөөд аваарай
-Таны хэлснээр, цаад зах нь 10-20 жилийн дараа тэр сайхан цаг үе ирнэ гэж байгаа бол наана нь бид юу хийж байх ёстой вэ?
-Хятадад ардчилал суурьшсан үед л Өвөр Монголын тусгаар тогтнолын талаар ярих боломж бүрдэнэ. Үүнээс өөр боломж надад харагдахгүй байна. Уг нь бид бүгд найрамдах улс байгуулагдсан үеэс л хүлээсээр ирсэн. Хэрэв 1949 онд Хятадын коммунист нам ялаагүй бол бидний хүсэл арай өөрөөр хэрэгжих боломжтой болох байсан. Сүүлийн 30 жилд нүдний маань өмнө Хятадын эдийн засаг хурдацтай өссөнийг бид харлаа. Энэ хөгжил нь улс төрийн өөрчлөлт болох урьтач нөхцөл юм. Үүний тулд бид юун түрүүнд хэл, ёс заншлаа хадгалж үлдэх хэрэгтэй байна. Боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Энэ бол мянга мянган монгол гэр бүлийн үүрэг юм. Хилийн чанадад байгаа өвөр монголчууд их зүйлийг бүтээж чадна. Гэвч нутагтаа амьдарч байгаа хүмүүс энэ асуудал дээр илүү ихийг бүтээж чадна. Хүүхдүүдээ монгол сургуульд өгч, тэдэнтэйгээ монгол хэлээрээ ярьж, монгол ёс заншлаа даган амьдарч байгаа хүмүүс агуу гавьяа байгуулж байгаад тооцогдоно. Монголчуудын зарим нь хятадуудад уусч байгаад санаа зовох хэрэггүй. Энэ бол байгалийн шалгарал. Тэгээд хэдэн жилийн дараа иргэд нь хятадаар ярьдаг хэдий ч өөрсдийгөө Чингис хааны удам гэж зарласан шинэ улс Хятадын хойд хэсэгт мэндлэх вий. Мэдээж хэрэг, энэ бол хамгийн муухай төсөөлөл, бид ийм үр дүнг хүсэх ёсгүй.
-Хилийн чанадад байгаа өвөр монголчуудын аж амьдрал ямархуу байна вэ. Олон улсын тавцан дээр тэд ямархуу үйл ажиллагаа явуулж байна?
-Нэгдүгээрт, хилийн чанадад бид цөөхүүлээ байна. Тооноос чанар гэдэг шүү дээ. Өөрсдийн эх орон, ёс заншлаа мэддэггүй хүмүүс мэр сэр байна. Ийм хүмүүс Өвөр Монголын төлөө ямар нэгэн зүйл хийнэ гэдэгт би эргэлзэж байна. Олон улсын байгууллагууд Өвөр Монголд үндэстний асуудал байгаа гэдэгт итгэхээ ч больсон. Дэлхийн уйгарчуудын конгрессийн тэргүүн, хатагтай Рабия хүртэл өнгөрөгч онд Япон, Австралид айлчлах үеэрээ өвөр монголчуудын талаар нэг ч дурсаагүй, Түвд, Уйгарын ард түмний тухай л яриад байсан. Нэг талаас сүүлийн 20 жилд Өвөр Монголын эдийн засаг харьцангуй хурдан хөгжиж байна гэж ярьж байгаа ч хилийн чанадад байгаа өвөр монголчуудад түвдүүдийн адил цөллөг дахь Засгийн газар гэж алга. Бас хэт шашинлаг бус болохоороо уйгарууд шиг ядаж энэ талаараа нэгдэж чадахгүй байна.
Өнөөдөр Өвөр Монголд 20 сая хятад хүн амьдарч байгаа гэсэн үзүүлэлт нь Өвөр Монголд үндэстний асуудал байхгүй гэж үзэх шалтгаан болоод байна. Хятадууд дийлэнх амьдардаг газар үндэстний асуудал босдоггүй гэж үзэж байгаа бол Түвд, Шинжаан улсууд удахгүй үндэстний асуудалгүй болох юм байна л даа. Учир нь хятадууд Өвөр Монголд хэрэглэсэн аргаа одоо тэдгээр нутагт хэрэгжүүлэх ид үедээ явж байна.
Үнэн хэрэгтээ явуулын хүн олшрохоор л үндэстний асуудал үүсч эхэлдэг. Хятад дахь үндэстний асуудал гэдэг нь тусгаар тогтнолын төлөө болон баривчилж шийтгэхийн эсрэг тэмцэж буй жижиг түмнүүдийн тэмцэл юм. Хятадын уламжлалт ёс заншилд хятад үндэстнээс бусдыг нь дайснаа гэж үздэг. Энэ заншил өдгөө ч хэвээрээ байгаа. Хятадаас бусад үндэстнүүдийн нэр нь хүртэл доромжилсон утга бүхий ханзтай. Түвд, Шинжааныг бодвол Өвөр Монголд байдал илүү хүнд байна. Учир нь манай оронд хятадууд үлэмж нэмэгдэн нийгмийн шат болгонд хятадууд ноёрхож байгаа тул Хятадад уусах аюул бодитойгоор нүүрлэж эхэллээ.
Үнэнийг хэлэхэд, Түвд, Шинжаанд болж байгаа шиг том хэмжээний жагсаал цуглаан хийх орон зай Өвөр Монголд бараг алга. Тийм учраас би дэлхийн ард түмнүүдийг Өвөр Монголын нөхцөлд байдалд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.
-Хадааг энэ жил суллана гэсэн. Та түүний талаар юу хэлэх вэ?
-Хадаа бол ардчиллын пионер, манай үндэсний бэлэг тэмдэг болсон хүн. Түүнчлэн жинхэнэ монгол эрийн амьд жишээ. Бүтэн 15 жилийг шоронд өнгөрөөхдөө Хятадын эзлэн түрэмгийлэгчдийн өмнө толгойгоо бөхийлгөж үзээгүй нэгэн. Би өөр ийм хүнийг мэдэхгүй юм байна. Хадаагийн үндэслэсэн Өвөр монголчуудын ардчилсан холбоо тухайн үедээ 28 гишүүнтэй байсан ч нэлээн алсын зорилго тавьж байснаараа 1981 оны оюутны хөдөлгөөн мэтийн үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнүүдээс ялгарч байлаа. Манайх өөрийн гэсэн баатартай үндэстэн гэж хэлэхээсээ ичиж, санаа зовоод байх юм алга. Би Хадаагийн эрүүл мэндийн төлөө залбирч явдаг.
-Уншигчдад хандаж хэдэн үг хэлэхгүй юу?
-Юунаас ч айдаггүй хүн гэж бараг байдаггүй байх. Гэхдээ айх ёсгүй зүйлээсээ эмээж хэрэггүй гэж хэлэх байна. Р.Эрдэмт, Го.Сайнбаяр нарын хийсэн зүйлийг монгол хүн бүр хийж чадна. Үүнээс болж та даргын суудлаа алдахгүй, нууцаар цагдаад дуудагдахгүй. Дамдинсүрэн, Тогтох, Гаадаа мээрэн шиг болохын тулд эхлээд Эрдэмт, Сайнбаяр нар шиг болох хэрэгтэй байна. Ийм боломж нээлттэй байгаа. Цаг үеэ мэдрэх хэрэгтэй. Хэрэв хятадууд уяаг тань жаахан сулруулбал амжаад хөдлөөд аваарай. Энэ бол аргаа барсан хүний үг юм шүү.

Лавлах
Р.Эрдэмт, Го.Сайнбаяр нар нь төрийн байгууллагуудын бүх албан бичгийг хятад хэлээр үйлдэх тухай тушаалыг эсэргүүцэн шүүхэд хандаж байсан хүмүүс аж. Р.Эрдэмт нь Эрээнд төрийн алба хашдаг. Го.Сайнбаяр нь Багшийн коллежийн захирал байжээ. Хоёулаа яруу найраг, эссе туурвидаг. Энэ хоёр хүний тэмцлийн үр дүнд Өвөр Монголд албан бичгүүдийг монгол хэлээр ч бас хөтлөхийг зөвшөөрсөн ажээ.
Дээрх ярилцлагыг өнгөрөгч оны хоёрдугаар сарын 24-нд авсан ч одоогоос долоо хоногийн өмнө олон нийтэд дэлгэн тавьсан байна.
http://www.peoples-rights.info/

0 Сэтгэгдэл::

Kommentar veröffentlichen

Санал бодлоо бичээрэй!

Энэ чат www.erhchuloo.com -той холбогдсон болно.
Цахим хуудасыг цааш нь мэдээлж дэмжье!
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More